7 хоногНийгэм

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах 30 сая төгрөг хандивлалаа

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах өнөөдөр /2020.02.29/ 30 сая төгрөгийг тус яаманд хувийн зүгээс хандивлаж байгаагаа мэдээллээ. Тэрбээр “Дэлхийг айлгаж буй аймшигт коронавирус өвчин биднийг төдийгүй эх дэлхийг айлгаж байна. Энэ үед өдөр шөнөгүй нойр хоолгүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын алба хаагчдад энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Эмч сувилагч та бүхний амжилттай сайхан ажиллаж байгааг Монголчууд гэлтгүй дэлхий дахин ярьж байна. Түмэн олны минь халуун алга ташилт, уухайн түрлэг бидэнд үргэлж сэтгэлийн тэнхээ өгсөөр ирсэн. Монгол Улсын иргэний хувьд өөрийн эх орондоо хайртайн хувьд, ирээдүйн хүүхэд залуусынхаа төлөө сэтгэл зүрхний хандиваа өргөж байна.

Иймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танаа 30 сая төгрөг болон 1500 амны хаалтыг хандивлаж байна. Мөн мөр зэрэгцэн зүтгэж яваа урлаг спортынхон, Монголоо гэсэн сэтгэлтэй та бүхнийг хандивын үйлст нэгдэхийг уриалж байна. Хөх тэнгэрийн дор мөнхөд орших эх орон минь мандан бадрах болтугай. Бидний Монгол Улс эрүүл саруул, сайхан амьдрах болтугай гэсэн ерөөлийг айлтгая. Баярлалаа та бүхэнд” гэлээ.

Энэ үеэр өндөр настан Ж.Дашдаваа гэргийнхээ хамтаар нэг сарын тэтгэврийн мөнгө болох нэг сая төгрөгийг хандивлалаа. Тэрбээр “Монгол түмэн маань аливаа бэрхшээлийг давж туулсаар ирсэн. Манай төр засгаас тогтоосон дэг журам, зарлиг, шийдвэрийг ард түмэн сайнаар хүлээж авч биелүүлж, хүндэтгэж байгаа нь сайн хэрэг. Иргэн бүр эрх, үүрэг, хариуцлагатай. Дэлхий дахинд тархаж буй халдварын эсрэг хүн бүр хүчээ нэгтгэн тэмцэх хэрэгтэй. Дуслыг хураавал далай болдог. Миний хандив бага ч гэсэн халдварт өвчинтэй тэмцэхэд нэмэр болно байх” гэлээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close