Б.Буянжаргал: “Монголд одоохондоо цаг байна”


Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах “Ногоон Ази сүлжээ” Олон улсын ТББ-ын ойжуулалтын талбайд Бүх нийтийн мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан өнгөрөгч бямба гаригт 300 ширхэг мод суулгаж, услах ажлыг зохион байгуулах үеэр оюутан залуусын “My Club”-ын гишүүн Б.Буянжаргалтай ярилцсанаа хүргэж байна.
-“My club”-тэй анх танилцсан түүхээсээ хуваалцвал?
-Намайг Б.Буянжаргал гэдэг. ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Техникийн мэргэжлийн орчуулагчийн III курсын оюутан. My club-тэй анх холбогдсон түүх гэвэл би Солонгос англи хэлний ангид суралцдаг. Солонгос оюутнууд Монголд ирээд манай сургууль дээр сайн дурын ажил хийдэг байсан. Тэд бид нарт яриа сонсголыг хөгжүүлэх зорилготой солонгос хэлний хичээл заадаг. Мөн тэдний Монголд ирээд хийх сайн дурын ажлын хүрээнд заримдаа мод услах эсвэл гэр хорооллын айлын гэр хашааг цэвэрлэж, бэлэг тараах зэргээр ажил багтана. 2017 оны зун тэдэнтэй хамт энэ Эрдэнийн талбайд ирж байсан. Тэгэхэд анх “Му club”-ийнхэнтэйгээ явсан. Дараа жил нь II курстээ Сэрдарам багшийнхаа Түүхийн хичээлийг үзэхээр сонгосон. Тэр үед би Сэрдарам багшийг хүмүүс их ярьдаг тул нилээн сайн мэдлэг олгох багш гэж мэдээд хөөцөлдөж байж хуваариа тааруулсан. Хичээлээ үнэхээр сайн заадаг. Хичээл заалгаж эхлэх үед клубын маань шинэ оны ажил эхэлж, хамгийн анх Богд хааны ордон музей, Чойжин ламын музейг цэвэрлэж байсан. Тэрний дараа мод усалгааны ажил эхлээд бүх үйл ажиллагаанд оролцоод явдаг болсон. Өнөөдрийн хувьд энэ жилийн сүүлийн мод усалгааны өдөр болж байна. Энэ өдөрт ирсэндээ үнэхээр их баяртай байна.
-Энэ ажилд оролцоход ер нь юуг мэдэрдэг вэ?
-Гоё л гэж хэлнэ. Би өмнө мод тарих юмсан гэж их боддог байсан. Хэдийгээр би одоо Солонгос хэл сурч байгаа ч цаашдаа амьдралынхаа явах чиглэлээ бүрэн сонгоогүй байгаа. Гэхдээ би байгаль экологи тал руугаа явдаг юм уу гэсэн 50 хувьтай бодол байна.
-Яагаад?
-Миний Солонгос хэл анх заалгаж байсан багш маань КОИКА олон улсын байгууллагад ажилладаг өндөр настай хүн л дээ. Сайн дурын ажилтан багш байсан. Сэрдарам багш маань хичээлээ заахдаа бидэнд олон сонирхолтой даалгавар өгдөг. Тухайлбал, ШУТИС-ын хамгийн хүйтэн анги, хамгийн жижигхэн хаалга ч юм уу, хэн ч мэдэхгүй хэн ч харж байгаагүй юмыг олж авчир ир гэдэг. Нэг удаа бидэнд ШУТИС-тай холбоотой ямар нэгэн сонирхолтой хүнээс ярилцлага хийж ир гэсэн. Тэгэхээр нь би Солонгос багштайгаа ярилцлага хийхдээ “Гадаад хүний нүдээр Монголын их сургуулийн амьдрал” гэдэг сэдвээр ярилцсан. Багштайгаа ярилцаж байгаад хамгийн сүүлд нь “Оюутнуудад хандаж юу гэж хэлэх вэ” гэж асуусан. Багш маань Монгол оюутнуудыг хичээл дээр утсаараа оролддог, хоцордог, тасалдаг гэж их хэлдэг болохоор тийм зүйл ярих болов уу гэж бодож байсан. Гэтэл багш маань “Нүдний өмнө харагдаж байгаа зүйлс чухал ч гэсэн бид нар илүү алсыг харах хэрэгтэй. Дэлхий ертөнц маань өөрчлөгдөж байна. Дэлхийн дулаарал цөлжилтөд өртөөд өлсгөлөнд нэрвэгдэж амьдрах аргагүй болчихсон, хийе гэсэн ч юу хийхээ мэдэхгүй болчихсон улс орнууд олон байгаа. Тийм улс орныг бодоход Монгол улсад одоохондоо цаг байгаа. Одоохондоо. Тиймээс дэлхийн дулаарлыг бууруулахад чиглэсэн янз бүрийн ажил өрнүүлэх хэргэтэй” гэж хэлсэн. Тэгэхээр нь багшдаа “Таныг би огт өөр юм ярих болов уу гэж бодож байсан. Таныг ийм юм ярина гэж үнэхээр бодоогүй өөрөөсөө иччихлээ” гэж хэлсэн.
Солонгос багш маань амьдралын олон янзын түүхийг хуваалцаж, дэлхийтэй танилцуулсан миний хувьд маш хүндтэй хүмүүсийн нэг. Тэр үеэс л үнэхээр тийм юм байна гэж ойлгоод дэлхийн дулаарал, байгаль экологийн асуудлыг судалж үзсэн. Монгол орны 70 орчим хувьд нь цөлжилт нүүрлэсэн байсан. Модтой газрууд нь Монгол Улсын хойд хэсэгт буюу Хөвсгөл зүгт байсан. Тэр нь байгалаасаа л байсан цогцолбор газрууд. Монголчууд өөрсдөө тарьсан нь маш бага. Япон гэхэд 80 гаруй хувь нь өөрсдөө тарьсан байсан. Түүнээс өмнө Монгол Улсаа гоё байгальтай сайхан орон гэж боддог байсан учраас тэр мэдээллийг хараад цочролд орсон. Тэгээд л юу хийх вэ гэж бодсон. Хэдийгээр бид далайн орон биш ч гэсэн цунами болоход селфи хийгээд зогсож байна гэж байхгүй. Уух усгүй болчихлоо гэхэд залуучууд бид клубт дуулж, бүжиглээд явж байхгүй. Тиймээс одооноос ямар нэгэн хийх хрэгэтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд л мод тарихаар шийдсэн.
Залуучууд хаана яаж мод тарихаа мэддэггүй. Тэгтэл миний амьдралд “My club” гарч ирсэн. Тэгээд л мод тарих хүсэл маань биелчихлээ. Хагас сайн өдөр бүр мод тариад байж болох юм байна. Ямар дажгүй сайхан ажил вэ гэж бодоод л нэгдсэн. Нөгөө нэг шалтгаан нь манай клубынхэн үнэхээр сайхан хүмүүс. Манай Сэрдарам багшаар хичээл заалгаж үзээгүй хүмүүст мэдэхгүй байж болох ч хичээлийг үнэхээр “Солиотой” заадаг. Тэгээд багшийгаа харах бүр сурах юм их байдаг. Клубын хүүхдүүд хоорондоо их зөв харьцдаг, хараалын үг хэлдэггүй. Бид клубынхэнтэйгээ Төв аймгийн Аргалант, Эрдэнэ сумын талбай руу очиж ажиллаж байсан. Хотоос гараад зорьсон газраа очих хооронд уйдах завгүй дуулалдаж, тоглож наадаж явна. Хот руу буцахдаа ч мөн адил энд ирээд моднуудаа усалж, мод тарьж, эсвэл модны нүх ухдаг. Тэгэхэд хүртэл бие биедээ тусалдаг. Модны нүх ухахад хөвгүүд нь охиддоо эхлээд шороог нь хөдөлгөж өгдөг. Манай клубын ажлаа дууссаны дараа иддэг цуйван бол үнэхээр алдартай. Гайхалтай амттай. Цуйвангаа идсэний дараа хүүхдүүд одоо гадаа тоглож байна.
Хоорондоо их дотно болдог. Манай клубт үе үеийнхэнээрээ харилцдаг. Дээд үе, дунд үе, шинэ үе гээд ах захтай бие биенээ хүндэлж явдаг. Тэгээд ах эгч нар нь дүү нартээ хэлж сургана. Хүмүүс тав дахь өдрийг хүлээж хоёр амралтын өдрөө сайхан амрахсан гэж хүлээдэг бол миний хувьд мод услахын тулд, клубынхантайгаа уулзахын тулд хагас сайн өдрийг хүлээдэг. Заримдаа явж чадахгүй үед найз нөхдийнхөө зургийг харж баярлаж суудаг. Бид нар дан ганц мод услаад, тариад байдаггүй. Энэ жил гэхэд бид наадам хийсэн. Өөрийнхөө үеийнхэнтэйгээ наадам зохион байгуулсан. Өөрөө наадамд оролцож үзээгүй мөртлөө зохион байгуулалт хийх хэцүү санагдсан ч ах эгч нар маань бидэнд зөвөлгөө өгч, хамтын хүчээр амжилттай зохион байгуулсан.

-Мод тарина гэдэг байгалиа хамгаалж буй хамгийн сайхан аргуудын нэг шүү дээ. Хүмүүст хандаж хэлмээр санагдаж байгаа үг юу байна?
-Цунами болоход бид селфи хийгээд зогсож байхгүй, одоо бид нар юу ч болсон бичлэг хийж зураг авдаг шигээ байхгүй. Уух дусал ус байхгүй болоход залуучууд клубт бүжиглээд зогсож байхгүй нь мэдээж. Тэрийг л ойлгох хэрэгтэй. Нөгөө талаар бүтээн байгуулалт хийгдэж, эдийн засагт нөлөөлж байгаа ч гэсэн байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байна. Би зундаа хөтөч орчуулагч хийдэг. Зун манай хөдөө нутаг үнэхээр сайхан байдаг шүү дээ. Тэгэхэд надад нэг Солонгос хүн хэлж байсан. “Манай Солонгос улс 1980 он хүртэл маш хэцүү амьдралтай байсан. 1988 онд олимп зохион байгуулаад түүнээс хойш маш хурдацтай хөгжсөн нь үнэн. Гэхдээ манай улс хөгжих явцдаа маш олон сайхан үнэт зүйлсээ байхгүй болгосон. Би Монголыг битгий тэгж сайхан бүхнээ үгүй хийгээсэй гэж хүсэж байна” гэсэн. Япон орон ч тэр уншиж судалж үзэхэд ямарваа нэгэн үйлдвэрийн яндангаас утаа гарч байвал бид хөгжиж байна. Манай эх орны эдийн засаг дээшилж байна гэж хардаг байсан. Харин одоо бол эсрэгээрээ байгаль дэлхий маань сүйдэж байна гэж харж байна. Тэгэхээр хүн гэдэг хэт их зүйлд тэмүүлж, шунахгүй байх хэрэгтэй юм болов уу. Байгалийн нөөц гэдэг шавхагддаг. Нэг л өдөр дуусна. Бид байгалиасаа аваад л байсан ч дэлхийн дулаарал гэж яригдаж байгаагүй. Аж үйлдвэржилтийн эрин үе эхэлсэн цагаас дэлхийн дулаарлын асуудал яригдаж байгаа. Байгальтай яаж харьцана, бидэнд хариу барьж байна гэж хардаг. Тэгэхээр залуучууд маань өөр өөрсдийнхөө чаддаг бүхнээр байгалиа хамгаалах хэрэгтэй. Хүмүүс мэдээж хог тарихгүй байх, усаа хэмнэх гэж сонссон л байгаа. Өөрийн чадах хэмжээгээр байгалиа хамгаалах хэрэгтэй.
-Ирээдүй гэдэг нь нэг талаараа та бидний үр хүүхдийн амьдрах эх дэлхий гэсэн үг шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Зүгээр л байгаа юм бүхнийг сүйтгээд байвал хэнд ч хэрэггүй болно. Бид байгаль дээрээ л амьдарч байна. Бид хэдийгээр байгалийг захирч байгаа юм шиг боловч үнэндээ маш өчүүхэн шүү дээ. Байгаль нэг л эргэхэд тэр аяараа устана. Би одоо сүүлийн үед экологийн хичээл дээрээ нэг судалгаа хийж байгаа. Аливаа зүйлийг бэлэн бүтээгдэхүүн болгоход хэдий хэмжээний ус зарцуулдаг тухай судалж байна. Тухайлбал, нэг бургер идэхгүй байхад 32 удаа усанд орох хэмжээний усыг хэмнэнэ гэсэн судалгаа байна. Үхрийн махтай бургер. Үхэр маш их хэмжээний хүхрийн хий ялгаруулдаг. Тэгээд махыг нь боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн болгоход маш их хэмжээний ус зарцуулдаг гэдгийг мэдсэн. Тэгээд бодоход өнөөдөр хүмүүс маш их материаллаг үзэлтэй болсон байна.
Энэ бүхнийг хүмүүс ойлгоосой гэж маш их хүсдэг. Заримдаа ингээд мод услахаар явж байхад хүмүүс “Та нар дэлхийн дулаарлыг зогсооно гэж юу байхав. Угаасаа дэлхий дуулаараад дуусна” гэж хэлдэг. Хүн бүр тэгж бодвол ямар ч үр дүнд хүрч, үйл явц өрнөхгүй. Харин хүн болгон мод тарьвал болно гээд л бодчихвол бүх юм илүү сайхнаар өөрчлөгдөнө гэж боддог. Жишээ нь, манай клубынхэн хагас сайн өдөр болгон ингээд л явдаг. Толгойлж байгаа нэг багш байна. Бид энэ том талбайд мод тариад, ургуулаад, ажиллаж байгаа хүмүүст нь туслаад ийм их ажлыг хамтдаа амжуулж чадаж байна. Хүн болгон бидэн шиг боддог бол болчихно гэж хардаг. Үнэндээ эд зүйл гэдэг хэнд ч хэрэггүй. Манай солонгос багшийн маань хэлсэн “Монголд одоохондоо цаг байна” гэдгийг ойлгоод хувь хүний шунал, эд баялгийн төлөө зүтгэхээ түр хойшоо тавиад ирээдүй, үр хүүхдийнхээ төлөө ухаараасай. Миний үр хүүхдийн амьдрах орчин. Үнэндээ одоо би ээж ч болоогүй байна. Ирээдүйд хүүхэдтэй болно шүү дээ.
Надад дэлхийн дулаарал мэдрэгдээд эхэлчихсэн байхад ирээдүйд үр хүүхэд минь усгүй дэлхийд амьдрах ч юм билүү. Тэгэхээр өнөөдөр би амьдраад л болчих юм шиг бодож болохгүй. Ирээдүй хойч үедээ үлдээж амьдрах ёстой. Бидний өвөг дээдэс бидэнд байнга л үлдээж ирсэн. Бид ч хойч үедээ үлдээх ёстой. Өмнөх үе маань бидэнд газар нутаг үлдээсэн бол бид дараагийн үедээ юу үлдээх вэ гэж бодох нь хүн болсон бидний үүрэг гэж боддог.
Тийм болохоор залуучуудад хандаж хэлэхэд “манай Му club-т ороорой. Мөн интернэтээр байгаль дэлхий дээр юу тохиолдоод байгааг нэг удаа ч гэсэн хайгаад анхаарч уншаад үзээрэй. Хүн нэг юм бодно. Ялангуяа Монгол Улс ямар нөхцөлд байгааг харна. Дараа нь юу хийх вэ гэж бодвол арга зам нь олдоно. Тухайлбал мод тарьж болно. Модоо яаж тарих вэ гэж бодож магадгүй. Тэгвэл манай клубт орооорой. Монголд ийм том идэвхитэй, мод тарьдаг хамт олон байдаггүй гэдгийг итгэлтэй хэлнэ. Би анх энэ клубт орохоос өмнө багшаасаа “Багшаа би таньтай ФБ найз болмоор байна гэж чатаар асуухад “Манай клубын гишүүн болооорой гэж байсан. Манай “Му Club” пейж мод тарих хүсэлтэй хүн болгонд нээлттэй. Тэгээд бид хамтдаа өлсөхгүй даарахгүй яваад өнөөдрийг хүрлээ. Хагас сайн өдөр бүр бид олуулаа ийм сайхан байгалийнхаа төлөө ажил хийж байна. Найз нөхөд ах эгч болж байна. Манай клуб үнэхээр сайхан гэдгийг батлан хэлж байна.
-Ярилцсанд баярлалаа.
П.Нарандэлгэр



