Байгаль орчинНийгэмОнцлох

У Ги Чүл: Хүний ухамсар, ухаан, сэтгэл л байгаль эх дэлхийгээ аварна

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн дайн тулаан, өлсгөлөн ядуурал бий болж байгаа хэмээн хүн төрөлхтөний тулгамддаг олон асуудалд хариулт өгсөн “Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” номын зохиогч  “Ногоон Ази сүлжээ” олон улсын ТББ-ын үүсгэн байгуулагч УГи Чүлтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.Тэрбээр  НҮБ-ын байгаль орчны салбарын нобелийн шагнал гэгддэг “Амьдралын хөрс” шагналын эзэн билээ.

-Та яагаад Монголд мод тарихаар шийдсэн юм бэ?

-Би Монголд хамгийн анх 2000 онд ирсэн юм. Тэр үед л Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт маш ихээр нэмэгдэж, дулаарал явагдаж байгааг мэдэрсэн. Тухайн үед хөдөө айлд очоод оройтоод хонох болсон юм. Тэгээд Монголын тэнгэрт түгсэн гайхамшигтай оддыг хараад энэ сайхан нутгийн төлөө, цөлжилтийг бууруулахад нь өөрийн хувь нэмрээ оруулах ёстой гэж бодсон.Одоо манай “Ногоон Ази сүлжээ” олон улсын ТББ-ын үйл ажиллагааны хүрээнд Булган, Архангай, Төв, Дундговь  аймаг, Улаанбаатар хот, Налайх дүүрэгт олон хүний амьдралын итгэл найдвар болсон 800 мянга гаруй модыг тариад байна. Учир нь Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд илүүтэй өртөж байна. Ялангуяа хөдөө орон нутагт цөлжилтөөс үүдэн иргэдийн амьдрал доройтсон байсан. Тиймээс хөдөө орон нутаг дахь хүмүүсийн амьдралын асуудлыг шийдэж, цөлжилтийг бууруулахад мод тарих аргаар туслахыг хүссэн. Тэр цагаас хойш 20 орчим жил боллоо.

-Монгол Улс цөлжилтөд хамгийн ихээр өртөж байгаа улс орнуудын нэг гэдгийг тодруулж өгөөч?

-Судалгаагаар Монгол орны дулааны хэм +2.1 хэмээр нэмэгдсэн гэж үзэж буй. Энэ  нь дэлхийн улс орнуудаас хамгийн ихээр дулаарч байгаа гэсэн үг. Тиймээс ойжуулалт хийж дулаарлыг бууруулахыг хүссэн юм. Хэрвээ Монгол орны дулаарал энэ хэвээр үргэлжлэх юм бол 30 жилийн дараа Монголын уур амьсгал эрс өөрчлөгдөж +6 хэмээр нэмэгдэх төлөвтэй байна. Үүний эсрэг хийж чадах хамгийн хурдан арга хэмжээ бол хөдөө орон нутгийн хөрсийг сэргээж, мод тарьж, “Эко  тосгон” байгуулах юм.

“Эко тосгон” байгуулж, тухайн орон нутагт их хэмжээгээр мод тарьж, тарьсан моддынхоо үр шимээр нутгийн иргэдийн амьжиргаа дээшилнэ. Иргэд орлоготой болсноор хот руу нүүсэн иргэд нутагтаа очиж амьдрах нь нэмэгдэнэ гэж үзээд  төсөл хэрэгжүүлж байна. Монголд хэрэгжүүлж буй энэ аргыг дэлхийн бусад уур амьсгалын өөрчлөлтөд өртөөд байгаа улс орнуудад хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Монгол хамгийн сайн жишээ нь болох юм.

-“Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” номын талаар танилцуулаач?

-Дэлхий дахинд болж байгаа олон үйл явдал уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Тухайлбал, Сирийн дүрвэгсэд дайн тулаанаас зугтаж байна. Монголд ч гэсэн эх нутгаасаа, аймаг сумаасаа хүмүүс нүүж байгаагийн цаад гол шалтгаан нь  уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс болсон. Энэ асуудлыг шийдэхэд хоёр төрлийн арга байгаа. Нэг нь мөнгө санхүү, техник технологийн өөрчлөлтөөр шийдвэрлэж болно. Энэ аргаар шийднэ гэх юм бол дэлхийн хүн амын ердөө 5 хан хувь нь л ажил амьдралдаа ашиглах боломжтой.

Гэтэл үлдсэн 95 хувь нь яах юм. Үлдсэн хүмүүс нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг зүгээр хараад суух боломжгүй. Тиймээс манай ТББ-ын зүгээс иргэдийг зохион байгуулалтад оруулж, орлогыг нэмэгдүүлэх замаар төрсөн нутагтаа бие дааж асуудлыг шийдэхэд нь туслах зорилготой үйл ажиллагааг явуулж байна. Ингэснээр зөвхөн хотод төвлөрч амьдрах биш орон нутаг амьдрах боломжийг бүрдүүлэх юм.

Гол нь уур амьсгалын өөрчлөлт Монголд бий болсны гол хариуцлагыг хэн хариуцах юм гэдгийг номоороо дамжуулж гаргахыг зорьсон. Энэ асуудлыг шийдэхэд “Эко тосгон”-ыг байгуулахыг хүссэн. Ганцхан биш олон газарт “Эко тосгоны”-ыг байгуулснаар тухайн газар нутагт хөрс сайжирч, хүмүүсийн амьдрал сэргэх боломжтой гэдгийг номондоо өгүүлсэн.

Дөрвөн бүлэгтэй уг номын эхний хэсэгт улам эрчимжиж буй дэлхийн дулаарал  ба хүн төрөлхтөн бидний хоолын цэс хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай өргөн асуудлыг хөндөж, дэлхий үргэлжлэн дулаарсаар байвал юу болох вэ гэдэг асууотад цогц хариулт өгөхийн зорьсон. “Экологийн дүрвэгчид” хэрхэн бий болж байна. Ирээдүйд хэрхэн өсөх талаар бодит судалгаан дээр түшиглэсэн учир шалтгааныг  харуулж, дэлхийн зургаа дахь удаагийн мөхөл эхэлж байгаа тухай анхааруулж сэрэмжлүүлэхийг л зорьсон.

Хоёр дахь хэсэгт, дээрх асуудал бүрийн ард юу нуугдаж байгаа талаар хариулт хайсан гэж болно. Тухайлбал, цөлжилт , иргэний дайн, алан хядах ажиллагааны ар талд ижил шалтгаанууд байгаа. Яагаад Ази тив, Африктай адилхан зам туулах болсныг сайн мэдэхгүй. Гэхдээ “Африкийн эмгэнэлт хувь заяаг давтах гээгүй юм бол эрчимжиж буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд онцгой хүчин чармайлт гаргах хэрэгтэй” гэдгийг гол утга санаагаа болгосон.

Гуравдугаар хэсэгт “Шинэ дайн эхэллээ” хэсэгт таны худалдан авалт байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн төлөөсийг хэн төлөх, компаниудад итгэж болох уу зэрэг олон асуултад судалгаа шинжилгээ нотолгоотой хариулт өгөхийг зорьсон. Энэ бүхний дараа 2015 онд Франц улсад болсон дэлхийн 193 орны төр засгийн тэргүүн нар оролцсон “Парисын хэлэлцээр” яагаад дэлхийн дахины анхааралд өртсөн тухай тайлалыг оруулсан.

Харин дөрөвдүгээр хэсэгт “Хамт олон дэлхийг аварна” гэсэн гаргалгааг гаргахдаа хамгийн энгийн арга буюу мод тарьж, дэлхийг аврах арга замын талаар оруулсан. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт ихтэй газар нутагт тэмцлийн тэргүүн эгнээнд зогсож, өөрт байгаа бүхнээ зориулан ажилладаг Олон улсын ТББ-ын ажилтны туулсан амьдрал, туршлага эргэцүүлэл болон түүний хэрэгжүүлж буй НҮБ-ээс дэлхийн улс орнуулал санал солгож байгаа загвар төслийн тухай өгүүлсэн.

-Таны номонд Байгаль орчны сайдын нэрэмжит шагнал олгосон шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Солонгос хэлнээс орчуулагдаж гараад удаагүй энэ ном маань уншигчдад сонирхолтой, сургамжтай, эмгэнэлтэй ч санагдаж магадгүй. Миний зохиосон энэ номонд маань БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Сайдын нэрэмжит шагнал” өгч байгаад маш их баярлаж байна. Энэ номыг монгол хүн бүр заавал унших хэрэгтэй гэж бодож байна. Чинагийн Галсан гуай “Гоёмсог ноолуурын ард нуугдсан нулимс” номонд маань мялаалга үг бичихдээ “Хүн төрөлхтний дээд хууль нь  өөрөө байгалийн хууль бөгөөд энэхүү хуулийг нийгмийн харилцаатай хэрхэн зөв зохицуулахыг энэхүү номоос ойлгон ухаарах болно” хэмээн миний номонд мялаалга бичсэн.

Үнэхээр сайхан байна. Дэлхий даяар байгаль орчны өөрлөлтийн талаар ярьж  байгаа ч хүн өөр дээрээ  хүлээж авдаггүй юм байна. Дэлхийн хүн амын хөгжлийг харахад сүүлийн 150 жил хүний оролцоотой маш хурдацтой өөрчлөгдсөн. Дэлхийн дулааралтай холбоотой асуудлыг Америкийн дэд ерөнхийлөгч асан Нобелийн шагналт Эл Гор, Холливуудын жүжигчин Леонардо Ди Каприо нарын баримтат киноноос маш сайн мэдэж болно.

-Танай хамт олон “Мод тарихын зэрэгцээ хамгийн гол нь хүнийг ч тарих хэрэгтэй” гэдгийг онцолдог. Яагаад?

-Хүний ухамсар, ухаан, сэтгэл л байгаль эх дэлхийгээ, улмаар эх дэлхийд амьдарч буй хүн төрөлхтнөө аварна.

– Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

П. Нарандэлгэр

 

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close