Д.Сэрдарам: “My Club” бол зүгээр л галт тэрэг. Энэ галт тэрэгний зорчигчид сая мод тарихаар зорьж яваа


Оюутан залуусыг “мод ургуулах” сайн дурын ажилд татан оролцуулж, анд нөхдийн үерхэл нөхөрлөл, амьдралын ухааныг ойлгуулдаг “My Club”-ийн үүсгэн байгуулагч Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Түүхийн тэнхимийн профессор, доктор Д.Сэрдарамтай ярилцлаа.
-Та “My Club” ийг яагаад байгуулсан юм бэ?
-Би Солонгост 6 жил шахам суралцаж байхдаа “дунгари” буюу манайхаар “Дугуйлан” –д их оролцдог байсан. Тэр үед өнөөдрийнх шиг цахим орчинд чөлөөтэй харилцах боломж байхгүй Солонгосын NAVER.com, DAUM.net гэсэн портал сайтуудын л харилцаа холбоо байсан. Дугуйлангууд их олон янз. 1964 онд байгуулагдсан кино үздэг дугуйлан, Ханз уншигчдын дугуйлан гэж байна. Мэдэхгүй ч гэсэн дунд нь орж, үйл ажиллагаанд нь оролцоход 2003, 2004 оны гишүүд нь ирдэг. Яг л нэг айл шиг байсан нь их таалагдсан учир Монголд ийм нэг клуб байгуулья гэж бодсон.
Монголд оюутны олон клуб байдаг ч тухайн оюутан төгсөнгүүт л үйл ажиллагаа нь зогсонги болчихдог. Тиймээс үе үеэрээ байдаг ийм л клуб байх ёстой гэж үзээд “Энэ нь залуучууд суралцах соёлын талбар байх болно. Нийгмээсээ суралцана, бие биенээсээ суралцана. Хамтран ажиллаж суралцана” гэж үзээд үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Гэтэл өнөөдөр сошиал орчин хүмүүсийг нэгтгэж чадаж байгаа ч гэсэн хаалттай харилцааг бий болгоод байдаг. Гэтэл “My Club” огт өөр. Нээлттэй. Яагаад ийм нэр өгсөн гэхээр 2006 онд оюутнуудтай клуб байгуулах талаар ярьсан.
Тэр үед Монголд “Миний” гэдэг үг их хэрэглэгддэг болж байсан. “Миний дэлгүүр”, “Миний Зах” гээд л. Тэгтэл нэг оюутан маань “Миний клуб” гэж нэрлэх санал гаргасан. 2006 оноос хойш энэ нэрээрээ үйл ажиллагаагаа явуулж байна. Солонгост байдаг шиг л ажилладаг. 2006 оны үеийн залуус, 2010 оны үеийн залуус гээд үе үеийн оюутан залуус хамрагдаад явж байна. 2010 оны үеийн залуус хамгийн их эрч хүчтэй байсан. Ямарч байсан энэ сайхан клубыг 13 жил авч явлаа. Залуу үедээ зайгаа тавьж өгөх ёстой. Шинэ удирдагчтай болгох гээд залгамж халаа болох хүнийг би хайж байна.
-Залуучуудыг нэгтгэж байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна. Яагаад байгаль орчин руу чиглэсэн юм бэ?
-“My Club”-ийн гол зорилго анхнаасаа байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагаа явуулах. Одоо ч тэр хэвээр. Анх 2006 онд бид байгуулагдахдаа 10 мянган мод тарина гэж зорилт тавьсан. Тэр үед хүмүүсийн санаанд багтахгүй байсан. Юу гэсэн үг вэ хэлдэг байсан. Гэтэл манай клубын нэг оюутан “Сая мод тарья” гэсэн. Дуучин Отгоогийн “Ла Ла Ла” гэдэг дуун дээр гардаг шиг “Нэг сая мод тарих алсын зорилго тавьсан”. Тэр л хүсэл, зорилго хэмнэлээр бид сая мод тарина гэж зориод 710 мянган мод “ургуулсан” байна. Бид зорилго руу ойртож байна.
-Клубт залуучууд хамрагдсанаар ямар өөрчлөлт гардаг вэ?
-Би клубынхээ талаар хэлэх дуртай үг байдаг. Уинстон Черчилийн “Бид нар байшинг барьдаг ч гэсэн байшинтай хамт биднийг барьдаг” гэдэг үг. “My Club”-т орсон цагаас, бидний дунд ороод ирсэн хүүхдийн ааш зан, хандлага өөрчлөгддөг. Энэ клубт явж байсан хүүхдүүдээс муу явж байгаа хүүхэд ер нь байдаггүй. Хувийн зан ааш нь зөв болоод нийгэмд эзэлж байгаа байр суурь нь бат бөх болсон хүүхэд олон бий. Зарим нэг ганцаардаад гардаг хүүхэд ч байдаг. Бид тэднийг гадуурхсандаа тэгээгүй.
“My Club” гэдэг нэг галт тэрэг замд гарчихсан яваа. Энэ галт тэргэнд суусан л бол өөрийнхөө байр суурийг эзэлж, өөрийнхөө сандал дээр, өөрийн хүрээллийнхэнтэй суудал дээр суух хэрэгтэй. Зарим хүүхдүүд өөрчлөгддөггүй. “My Club” өөрөө өөрийнхөөрөө л явж байгаа. Хичээл номдоо сайн байж, тэтгэлэг авахад “My Club” их чухал үүрэгтэй. Гэхдээ тэтгэлэг авахаасаа илүү хүүхдүүд их сайхан найз нөхөд болдог. Ер нь энэ хүний нийгэмд найз нөхөдтэй байна гэдэг их чухал. Хүн хүнтэйгээ яаж нөхөрлөх вэ гэдгийг чинь тодорхой болгодог талбар нь “My Club” байдаг. Насан туршийн найз, нөхөрлөлөө олсон хүн байна. Амьдралын ханиа олсон ч залуус бий. Тэгэхээр “My Club” бол зүгээр л галт тэрэг. Энэ галт тэрэгний зорчигчид сая мод тарихаар зорьж яваа. Заримдаа хурдтай явна, заримдаа хурдаа сааруулаад л явж байна.
-Та бүхэн 710 мянган модоо хаана хаана тарьсан бэ?
-Бид “Ногоон Ази” ТББ –ийн ойжуулалтын талбайгаас гадна 16 том газарт тариалсан. Хаана ч хамаагүй мод тарьдаг байсан. Найз маань хүүхэдтэй боллоо гэхэд “Баяр хүргэе” гээд мод тарьж өгнө. Хашаанд нь, зуслангийнх нь, байрных нь гадаа тарьж өгдөг. Тэр бүхнийгээ тэмдэглэж явсан. Хамрын хийд, Сэлэнгийн Тужийн нарсан дунд Чулуут гэдэг газарт гурван ч удаа очиж мод тарьсан. Баяннуур, Сонгинохайрхан, Аргалант, Эрдэнэ сэм, Багануур, Эрдэнэт, Төв аймгийн Баян сум гээд олон газар очиж тарьсан.
-“Ногоон Ази” ТББ байгууллагатай хамтран ажиллах болсон түүхээсээ хуваалцаач?
-Солонгост сурч байхад хамт сурч байсан Ариунаа гэдэг бүсгүй “Сэрдарам ахаа, би яг таны ярьдаг ажлыг хийдэг хүнтэй уулзуулья” гээд Ногоон Ази ТББ-ийн У Ги Чул захиралтай анх уулзуулсан юм. Бид хоёрын яриа их гоё нийлж байсан . Би угаасаа л мод ярьдаг байсан. Солонгост очоод ч мод л ярьдаг байсан. Тэгэхэд У Ги Чүл гуай “Би Монголд мод тарих хүсэлтэй. Хамтарч ажиллая” гэж хэлсэн. Би Монголдоо ирээд зүгээр байгаагүй.
2007 онд ирээд “Ногоон АЗИ” ТББ-ын үйл ажиллагаанд оролцоод эхэлсэн. Хамгийн хүн хэрэгтэй газарт нь очиж ажилласан. “My Club” нэртэй галт тэрэг оршин тогтнож, замд гарахад гол үүрэг гүйцэтгэсэн төмөр зам бол “Ногоон Ази” ТББ. Хэрвээ “Ногоон Ази”-ийн хамт олон байгаагүй бол бид ийм хэмжээний мод тарьж чадахгүй. Би хамгийн ихдээ 560 сайн дурын хүн дагуулж очиж байлаа. 8 цаг тасралтгүй ажлуулж байсан. “Ногоон Ази”-ийн л ач. 560 байтугай 50 хүн сайн дурын ажил хийхэд багаж зэвсэг, ажлын талбар байдаггүй. Би тийм олон хүнийг цуглуулж, зардлыг нь би олж байгаа ч ажиллах талбар нь “Ногоон Ази”-ийн ойжуулалтын талбай байдаг.
-Үнэхээр гайхалтай. Нийгмийн өөрчлөлтийг хүн өөрөөсөө эхлэх ёстой гэдгийг таны бичсэн олон зүйлээс харсан. Нийгмийг өөрчлөх том хүч бол залуучууд гэдгийг та хангалттай мэдэрсэн байх тийм үү?
-Тийм. Би 13 жил оюутан залуучуудтай ажиллаж байна. Би тэдний сувагт орж чаддаг, тэдний яриаг сонсож чаддаг, тэднийг юу хүсэж байгааг мэддэг. Гэхдээ залуучууд бие даагаад явдаггүй. Залуучуудыг нийгэм нь хөгжүүлдэг ч өнөөдөр хаягдчихсан байна. Залуучуудад өөрийгөө сорьдог, өөрийнхөө ноён нуруу хугарах буюу тэвчээр алдах цэгээ мэдэрдэг хөдөлмөрийн талбар, сургалтын танхимгүй болсон үед “My Club” залууст хүрсэн. Тиймээс залуучуудын сувгийг би олдог. Гэхдээ одоо өнөөгийн залуучуудын харилцаа хандлагыг зөв залаад бамбардаад явах тийм залуу багш надад хэрэгтэй байна. “My Club”-ийн залгамжлагчийг сүүлийн 6 жил хайж байна. Хятадад доктор хамгаалаад ирсэн нэг залуу багшийг л “My Club”-ийг хариуцаж авах болов уу гэж найдаж байна.
Би маш олон залуучуудтай мод тарих ажлыг хийж ирлээ. Нэг удаа олны хэлдэгээр “олигарх”-ын хүүхдүүдийг мод тарихад уриалж хамт ажилласан. Яг залаад явахад тэд нар их ухаалаг, чин сэтгэлийн үгээ хэлдэг, юм хийе гэхэд дуустал нь хийхийг хүсдэг болохыг мэдэрсэн. Тэдний сувгийг олох хэрэгтэй. Ер нь залуучууд гэдэг маш том хүч.
Гэхдээ тэднийг удирдах, маш сайн “Mentorship” байх хэрэгтэй. Оюутан болоод ирж байгаа залуучуудаас багш нар өөрийн гэсэн “Mentorship”-ийг олж, оюутнуудаар өөрийгөө хүрээлүүлж байх хэрэгтэй. Тэд нарын хүчийг нэгтгэж чадах юм бол хаашаа ч урсаад гарахад бэлэн байдаг. Өөрөөр хэлбэл тэр урсгал, сувгийг тааруулах чиг байх хэрэгтэй. Тийм чиг манай улсад байхгүй учраас үерийн ус шиг залуучуудын хүч, урам зориг алга болоод байна.
Өнөөдөр зөвхөн “My Club”-ын гэлтгүй маш олон залуучуудын үгийг би сонсдог. Харамсаж байгаа нь байна. Цаг хугацаа хэрвээ байсан бол гэнэ. Уг нь тэдэнд хэрэгтэй үед нь тэр хэрэгтэй үгийг нь хэлчихсэн бол алдахгүй байна. Магадгүй улам илүү амжилт гаргах байсан юм болов уу гэж бодсон. Залуучууд гэдэг дэлбэрч зад тавихад бэлэн цооног гэсэн үг. Тэрийг нь зөв залахын оронд сургалтын хөтөлбөр, төсөл гээд хүүхдүүдийг зовоогоод байна. Би Монголын түүхийн хичээлийг заахдаа “хачин интертайнмент” заадаг. Кино үзнэ, бүжиглэнэ, дуулна, хамт гадуур явна. Тэгж байж Монголын түүхийн хичээлийг заадаг. Тэгэлгүй танхимд нойрыг нь хүргээд тамлаад байж болохгүй.
-Та өнөөдрийг хүртэл байгаль орчны чиглэлд анхаарч, мод тарих ажилд гар бие оролцлоо. Хойшид ч оролцоно. Байгаль орчин чухал гэдгийг ойлгуулж, хүмүүст хэлмээр үг юу байгаа бол?
-Би мэргэжлийнхээ буянаар Увс аймгаас бусад бүх газарт очиж үзчихээд байна. Гэхдээ би хөдөө явахаар зүрх өвдөөд унтаж чаддаггүй. Тэр сайхан байгаль аймшигтай болчихсон байдаг. Дэлхийн дулаарал гэхээсээ илүү хүний оролцоотой байгаль сүйдчихсэн байдаг. Хөдөө явахаас айдаг. Би хүүхдүүдээ агаар салхинд гаргахаар жил бүр Хөвсгөл аймгийн Ханх суманд очдог. Үнэхээр хайр хүрмээр газар. Монголд байгалын унаган төрхөөрөө эвдэгдээгүй цөөхөн газар байгаагийн нэг. Тэнд би ОХУ-аар дамжин очдог. Тэр зам үнэхээр сайхан. 800 км замыг битүү ой дундуур туулдаг. 800 км ой мод.
Ингээд бодохоор бид нар өнөөдөр улам олон мод тарих ёстой. “Өглөө орой бүр шүд угаадагтай адил мод тарих гэдэг ойлголт бидний зүрх, тархинд байх ёстой. Амьд үлдэх, эх байгалиа хамгаалж үр хойчдоо үлдээх гол арга бол мод тарих. Хөрсний ус татна. Мод агаарыг цэвэр болгоно. Хүн амьд үлдэхийн тулд “Энэ худгийг ухаад ус гаргаад ав” гэхэд сүүлийн хүчийг шавхаж байгаад ч хамаагүй ус гаргана шүү дээ. Түүнтэй адил өнөө цагийн бидэнд үр хүүхэддээ үлдээж, эх байгалиа аврах гол арга бол мод тарих.
Мод бол байгалийг зурдаг уран зураач. Мод байвал байгаль сайхан сэргээд явчихна. Хөрс нь хамгаалагдана гэдэг сэтгэлгээг бий болгох хэрэгтэй. Зарим хүмүүс Монгол угаасаа хээр тал байсан гэдэг, мод тарих шаардлагагүй гэж үздэг хүмүүс байдаг. Энэ чинь угаасаа л ийм гэдэг. Одоо гэтэл бид усаа ямар цэвэр байдлаар нь хамаагүй ашиглаж байна. Бид Монголынхоо хөрсийг, тал хээр нутгийг, усыг хамгаалахын тулд Хятад шиг, Хойд Солонгос шиг, Өмнөд Солонгос шиг мод тарих хэрэгтэй байна.
Дэлхийн дулаарлаас амьд үлдэх гарах цорын ганц зам бол мод тарих. Солонгосын хойгийн 64 хувь ойтой. Дэлхийн дундажаар 20-30 хувь нь ойтой байхад маш сайн гэдэг. Гэтэл манай улсад 6-7 хон хувийн л ойтой байна. Ой мод бол үр хойчдоо газар нутгаа бүтэн үлдээх цорын ганц гаргалгаа гэдгийг л хэлмээр байна.
П.Нарандэлгэр



