Эрүүл мэндЧөлөөт цаг

Уйлах нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай

“Уйлах нь тухайн үеийн өвдөлт, шаналал, гомдлоо л илэрхийлж байгаа нэг хэлбэр” боловч уламжлалт хүмүүжлийн аргад хүнд хэцүү үед ч хүүхдийг уйлуулахгүй байхад сургадаг. “Битгий уйл”, “Уйлах нь муу ёр”, “Эр хүн уйлдаггүй юм”, “Том болсон хүн чинь уйлдаггүй юм” зэргээр уйлах нь огт болохгүй, буруу зүйл мэтээр итгүүлдэг.

Энэ нь сэтгэлийн тэнхээтэй байхад нөлөөлөхөөс гадна уйлах гэдгийг ичгэвтэр, сул дорой байдлын илэрхийлэл гэж ойлгуулдагтай холбоотой.

Нийгмийн  энэхүү хандлага зарим талаар хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг эрэгтэйчүүд зүрхний өвчнөөр нас барах магадлал эмэгтэйчүүдийнхээс их байгаагаас харж болно. Эрэгтэйчүүд зарим төрлийн өвчлөл өндөр байдаг бас нэг шалтгаан бол сэтгэл санааны байдлаа гадагш илэрхийлдэггүй, илэрхийлэх нь чухал гэж үздэггүйтэй холбоотой юм.

Тэгвэл уйлах нь тухайн үеийн өвдөлт, шаналал, гомдлоо л илэрхийлж байгаа нэг илрэл юм. Ингэснээр уйтгар гуниг, гомдол багасч, тархи илүү сэргэг ажилладаг байна.

Германы нүд судлалын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар жилд эмэгтэйчүүд 30-64 удаа уйлдаг бол эрэгтэйчүүд 6-17 удаа уйлдаг байна. Мөн эмэгтэйчүүд дунджаар 6 минутын турш уйлдаг байхад эрчүүд  2-4 минут л уйлдаг болохыг тогтоожээ.

Уйлахад асуудал шийдэгдэхгүй ч гэсэн сэтгэл санааны байдалд эерэгээр нөлөөлж, өвчлөхгүй байх боломжийг олгодог сайн талтай. Нулимсаа тэвчиж, уйлахгүй байх нь тухайн цаг мөчид чухал санагдаж болох юм. Гэхдээ өөрийн бие махбоддоо стрессийг тайлахыг зөвшөөрч, хааяа ч болов сэтгэлээ онгойтол уйлахыг зөвлөж байна.

Дашрамд дуулгахад, Японы Ахлах сургуулийн багш, “намида сэнсэй” буюу нулимсны багш гэх нэрээрээ алдаршсан Хидэфүми Ёошида Japan Times-д өгсөн яриандаа “Уйлах нь инээх болон унтахаас ч илүүтэйгээр стрессийг үгүй хийдэг. Долоо хоногт ядаж ганц удаа уйлбал та стрессгүй амьдралаар амьдрах боломжтой” хэмээжээ.

Тэрбээр 2014 онд Ёошида Тохо их сургуулийн Анагаахын факультетын профессор Хидэхо Аритатай хамтран уйлах нь хэрхэн стресс үгүй хийдэг тухай судалгааг эхлүүлсэн бөгөөд 30 гаруй орны хүмүүсийн 70 гаруй хувь нулимс дуслуулж, уйлсныхаа дараа хамаагүй дээрдэж, идэвхтэй болсон гэжээ.  Япон улс амиа хорлолтын тоогоороо Өмнөд Солонгос болон ОХУ-ын ард гуравдугаарт бичигддэг. Мөн дийлэнх нь эрэгтэйчүүд байдаг ба амиа хорлолтын бараг 90 хувь нь сэтгэл гутрал, стрессээс үүдэлтэй байжээ.

Эх сурвалж:ОБЕГ 

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close