Байгаль орчинНийгэмХууль эрх зүй

Хураагдсан дэрэвгэр жиргэрүү ургамлын нөхөн төлбөрийн хэмжээ 314.9 сая төгрөг болжээ

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуул, Цагдаагийн байгууллага хамтран мэдээллийн дагуу шалгалт хийж, Хэрлэн сумын нэгдүгээр багийн нөөцийн газрын урд задгайд байрлах иргэний хашаанаас байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын их хэмжээний үндэс дэлгэж хатааж байсныг илрүүлэн хурааж, аймгийн Цагдаагийн байгууллагад эзэн харъяалагчийг нь тодруулах, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар шилжүүлжээ.

Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар 5 жилийн хугацаанд хориглосон бөгөөд холбогдох хуульд зааснаар хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэх юм. Дээрх түүж бэлтгэсэн ургамлын хэмжээ 1259,5 кг цэвэр жинтэй байсан ба нөхөн төлбөрийн хэмжээ нь урьдчилсан байдлаар 314.9 сая төгрөг болж байгаа аж.

Мөн “Эрүүгийн тухай” хуульд зааснаар бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл зорчих эрхийг хязгаарлах, хорих шийтгэл оногдуулахаар заасан байдаг.

Дашрамд дуулгахад, дэрэвгэр жиргэрүү нь ихэвчлэн газар тариалангийн бүс нутаг дахь сул хөрстэй газар, Дорнодын тал нутагт ургадаг хөл газрын ургамал. Латин нэршил нь (Saposhnikovia divaricata (Turcz) Schischk).

Манай орны ховор ургамлын жагсаалтад орсон эмийн болон хүнсний ач холбогдолтой. Хятад, Солонгост дэрэвгэр жиргэрүүг хүн орхоодойн оронд орлуулж хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, эм үйлдвэрлэдэг.

Хязгаарлагдмал нөөцтэй учраас түүхийг хязгаарласан. Энэхүү ургамал нь экосистемд чухал үүрэгтэй, газрын хөрсний чийгийг барьдаг ач холбогдолтой.

Үндсээр нь түүснээр дахин төлждөггүй, тухайн орчмын хөрс сийрэгжин амархан доройтож, цөлжилт үүсдэг байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close