Сошиал

Хэн байх нь хамаагүй, хүн байх нь чухал

1987 онд 74 настай Бай Фанг Ли хэмээх хүн тэрэгчин нуруугаа амраах цаг болсон хэмээн үзэж төрөлх нутагтаа буцаж иржээ. Төрсөн тосгондоо буцаж ирсэн түүнийг мөнгө байхгүйгээс сургуульд сурч чадахгүй өдөржин шөнөжин будааны талбайд бөртөлзөн ажил хийн зарагдаж, эсвэл хог ухан амь зогоох өнчин ядуу хүүхдүүдийн хувь заяа зовоогоод зүгээр сууж чадсангүй.

Хөөрхий Бай Фанг Ли хөгширч ядарсан ч хүн зөөж, мөнгө олдог байсан Тянжин хотдоо буцаж ирлээ. Түм түжигнэж, бум бужигнасан Тянжин хотын Галт тэрэгний буудалд хүн зөөвөрлөх ажилдаа буцаж ирсэн түүнийг хэн ч ад үзсэнгүй. Амьд явахын төлөө, амь зогоохын төлөө л хүн энд ирдэг гэдгийг тэд бүгд мэднээ.

Тэнд тэрээр өдөр шөнийг ялгалгүй 24 цаг хүн хүлээж, олдсоноо идэж, хаягдмал гутал хувцас өөд нь татан өмсөж, хог түүгчдийн хоног төөрүүлдэг салбархай оромжинд унтаж, харин зовж олсон бүх мөнгөө сургуульд явж дийлэхгүй байгаа төрөлх тосгоныхоо ядуу зүдүү, өнчин өрөөсөн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлөхөд зарцуулжээ.

74 наснаасаа хойш дахиад арван зургаан жил нуруу амсхийлгүй зүтгэсэн, одоо 90 шахаж яваа Бай Фан Ли 2001 онд Тянжиний ЯаоХуа дунд сургууль дээр эцсийн удаа олсон мөнгөө тушаахаар иржээ. Мөнгөө тушаангаа тэрээр багш, хүүхдүүдэд хандаж, чадал нь үнэхээр барагдаж, хөдөлж чадахгүйд хүрсэнээ хэлж, дахин хүн зөөж хүүхдүүдийг сургах мөнгө олж чадахгүй болсондоо хүлцэл өчин нулимс дуслуулсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, нулимс унагахад хүргэжээ.

Эдгээр он жилүүдэд хөгшин Бай Фанг Ли хүн тэргээрээ борви бохисхийлгүй хөдөлмөрлөснөөр нийт 350,000 юан буюу 55,000 орчим доллартай тэнцэх мөнгө цуглуулсан нь 300 гаруй өнчин, ядуу хүүхдийг сургуульд суралцуулж дөнгөсөн юм. Тэрээр жижигхэн хатингар биетэй, үг дуу цөөтэй, хүний өгсөнийг л авдаг бөгөөд хэзээ ч түүнийг нь голж байгаагүй тул олон хүн түүнээр зөөлгөхийг илүүд үздэг байжээ.

Бай Фанг Ли 2005 онд хүн төрөлхтөнд “хүн хэн байх нь чухал биш, хүн байх нь, сэтгэл зүрхтэй байх нь чухал” гэдгийн үлгэр дууриалыг үзүүлээд уушигны хорт хавдараар ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Харин одоо түүний сургуульд сургасан өнчин ядуу хүүхдүүдийн түрүүч өсч том болоод бусдын үхэн үхтэлээ төлөө зүтгэсэн өр өвдөм түүхтэй хөөрхий өвгөний үйл хэргийг үргэлжлүүлэх болсон гэнэ.

Боловсролгүй, хүний хаясан хувцас өмсөж, олдсоноо идэн гудамжинд хоног төөрүүлж явсан ядуу тэрэгчин 300 хүүхдийг хувь заяаг эерэгээр өөрчилсөн гэхээр амьдралд гэгээн зүйлс яасан их юм бэ.

Хэн байх нь чухал биш, юу өмсөх нь чухал биш. Зөвхөн хүн байх нь чухал.

Эх сурвалж: http://mongolcom.mn/read/17133

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

1 Comment
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 Жил
Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
Close