Өргөө амаржих газарт кесар хагалгааны иж бүрдэл хандивлав
Жил бүр тохиодог “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Өргөө амаржих газарт өнөөдөр “Хаан” банкнаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн иргэдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор кесарь мэс заслын 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа.
Энэхүү мэс заслын багаж нь эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг кесар буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай юм.
Тус амаржих газарт жилд дунджаар 12.000 эх нярайлдаг бөгөөд 30 орчим хувь нь кесар хагалгаагаар амарждаг юм байна. Сүүлийн жилүүдэд кесар хагалгааны тоо нэмэгдэж, зарим тохиолдолд багаж ариутгах цаг хүлээгдэх, хүрэлцэхгүй байх зэргээс шалтгаалсан хүндрэл, бэрхшээл цөөнгүй гардаг аж.
Харин эдгээр иж бүрдэл багажтай болсноор дээрх хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлэх боломж байгаа юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.