Хөрөнгө санхүүЭдийн засагОнцлох

Барилгын салбарт 147.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 133 төсөл хэрэгжинэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” Төрийн ордонд өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнд барилгын салбарын 600 гаруй төлөөлөл оролцож, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр зэрэг өргөн сэдвийн хүрээнд зөвлөлдөж, санал солилцов.

Зөвлөгөөнийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан үг хэлж, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.

Тэрбээр  “Барилга, хот байгуулалтын яам жил бүр салбарынхаа үйл ажиллагааг дүгнэж, төрийн бус байгууллага, ААН, мэргэжилтнүүдийн саналыг хүлээн авч, сонсож цаашид хийх ажлаа төлөвлөн, хэлэлцэн шийдвэрлэдэг уламжлалтай. Энэ жилийн “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” үйл ажиллагааг Төр болон хувийн хэвшил, аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөллийг оролцуулан “Барилга, байгууламжийн норм, нормативын хэрэгжилтийг шинэ шатанд гаргая” уриан дор зохион байгуулж байгааг хэлээд Хот байгуулалтын тухай, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Геодези, зураг зүйн тухай зэрэг 10 орчим хуулийг шинэчлэн боловсруулж салбарын хууль, эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох чиглэлээр зорин ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд салбарын 10 жилийн хөгжлийн чиг баримжааг тодорхойлох  “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлуулж, энэ хүрээнд салбарын амин сүнс болсон норм, нормативыг шинэчлэх ажил хийгдэж байгааг дуулгахад таатай байна” гэлээ.

Зөвлөгөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ илгээж, Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар Барилгын салбарт төрөөс баримтлаж буй бодлого, салбарын хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлээ.

Барилгын салбарт нийт 100 мянга гаруй хүн ажиллаж байгаагаас 78.6 мянга нь барилга угсралт, 14 мянга нь барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж буй бөгөөд жил бүр 13 мянга орчим суралцагч, мэргэжилтэй ажилтнаар хүч сэлбэж байна.

Барилга угсралт, их засварын ажлын хэмжээ 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.8 их наяд төгрөгт хүрч, 3.2 их наяд төгрөг буюу 84.6 хувийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 579.5 тэрбум төгрөг буюу нийт ажлын 15.4 хувийг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна. Үүнээс Барилга угсралт, их засварын ажлын 32 хувийг орон сууцны барилга, 37.2 хувийг орон сууцны бус барилга, 28.4 хувийг инженерийн барилга, байгууламж, 2.4 хувийг их засварын ажил эзэлж, өмнөх оноос орон сууцны бус барилгын эзлэх хувь 0.2 пункт, их засварын ажлынх 0.1 пункт, инженерийн барилга, байгууламжийнх 2.7 пунктээр тус тус өсөж, орон сууцны барилгынх 3.0 пунктээр буурсан байна.

Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хуулиар Барилга, хот байгуулалтын сайд /ТЕЗ/-ын багцад нийт 347.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 160 төсөл, арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлэхээр батлагдснаас 200.2 тэрбум төгрөгийн  өртөг бүхий 27 төсөл, арга хэмжээ нь он дамжин хэрэгжихээр, 147.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 133 төсөл, арга хэмжээ нь 2019 онд шинээр хэрэгжинэ.

БХБЯ нь салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Хот байгуулалтын тухай, Газрын тухай, Газрын кадастрын тухай, Газрын төлбөрийн тухай, Геодези, зураг зүйн тухай, Орон сууцны тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай зэрэг 10 орчим хуулийн төслийг шинээр боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж, Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацааг 10 жилээр буюу 2028 он хүртэл сунгалаа.

“Төрөөс барилгын салбарт баримтлах бодлого”, “Барилга, байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо”, “Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам”, “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулж, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлж, 500 тэрбум төгрөгт хүргэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 81 дүгээр тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын хэмжээнд “Буянт-Ухаа 2” хороололд 972, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 315, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 135, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 120 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүллээ. Шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусгахаар төлөвлөсөн. Мөн Монгол эрдэмтэдийн аргачлалаар лаг хатаах талбайн үнэр дарах, хуримтлагдсан 26196 м3  лагийг боловсруулж хар шороон хөрс болгож, хар шороон хөрсөнд Ракус, ургамал тарьж туршиж байна.

Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгийн төвүүд болон Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд Азийн хөгжлийн банкны зээлээр, Увс, Баян-Өлгий, Завхан, Дорнод, Говьсүмбэр аймгийн төвүүдэд Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр цэвэрлэх байгууламж шинээр барих төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хоногт 3000 м3 бохир усыг зохиомол биологийн аргаар цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байна.

Яармаг, Нисэхийн орон сууцны хуучин, шинэ хорооллын 160 мянган айл өрх, аж ахуйн нэгж объектуудын бохир усыг цэвэрлэн татан зайлуулах 20000 м3\хоногт хүчин чадалтай бохир ус цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа.  Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төслийн инженерийн хангамжийг шийдвэрлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 7-р хороо, СБД-ийн 18 хороонд “Бичил дэд төв” байгуулах ажлыг зохион байгуулж байна. Эдгээр төвүүд бүрэн ашиглалтад орсноор иргэдийг инженерийн төвлөрсөн шугам сүлжээгээр хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах ач холбогдолтой юм.

Барилгын салбарт төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд “Барилгын норм, нормативын мэдээллийн сан” www.enorm.gov.mn, “Орон сууцны нэгдсэн мэдээллийн сан” www.oronsuuts.mcud.gov.mn ашиглалтад оруулж, “Хяналтын хуудас”, “Мэргэшлийн зэргийн шалгалт”-ыг тус тус цахим программд нэвтрүүлж, Зураг төсөл магадлалын үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг “Нэг цэг”-ийн үйлчилгээнд шилжүүлээд байна.

Зөвлөгөөнөөр Төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоод, ААН, байгууллагын төлөөлөл илтгэл хэлэлцүүлэн, санал солилцлоо. Талуудын санал, санаачлагад тулгуурлан зөвлөмж гаргаснаар “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

0 0 votes
Article Rating
Таг

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх
guest

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
Close