Л.Болд: Би өнөөдөр АН-ын бүлгийг тарааж байна


Засгийн газрыг огцруулах асуудлаар намын байр сууринаас эсрэг кноп дарсан мөн удаа дараа намын эв нэгдлийн эсрэг мэдээлэл хийсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас нэр дэвших эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасахаар болсон.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар дараах тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монголын баялгийг хуу хамсан 30 гэр бүл ялах уу, 3 сая хүн ялах уу гэдэг тэмцэл өнгөрсөн 7 хоногт боллоо. Шударга бусын хонгилыг бий болгосон бүлэглэлийн эсрэг АН-аас гурван хүн саналаа өгсөн. Намаасаа хөөгдсөн ч Монголдоо үлдсэндээ баярлаж байна. Би намаас хөөгдсөн. Болд гишүүн бүлгээсээ гарч байгаагаа мэдэгдлээ. АН-ын бүлэг өнөөдөр албан ёсоор тарж байна. Эрдэнэбат гэдэг хүн АН-ыг төлөөлөх эрхгүй боллоо” гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд “АН-аас энэ Засгийн газрыг огцруулах санал гаргаагүй. Саналд гарын үсэг зураагүй. АН-ын дүрмээр бол өөрийнхөө Засгийн газрын эсрэг санал өгөхийг хориглодог. Хэрвээ Батзандан, Мурат бид гурав Засгийн газрыг унагаахаар санал өгсөн бол харин ч буруутах байсан.
Би АН-ын бүлгээс гарна. Би өнөөдөр АН-ын бүлгийг тарааж байна. АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнд гар бие оролцож байна.
Харин Ардчилсан намаас гарахгүй. Энэ миний байгуулсан нам. Өнгөрсөн баасан гарагт хувьсгал болсон. Би өнөөдөр өглөө болсон үйл явдлыг хараад гутарч байна. Нэг хүний удирдлагад орсон учраас хүлээн зөвшөөрөхгүй. Бидэнд бүх талын дарамтыг үзүүлж, олон зүйл амласан. Гэхдээ бид ард түмэн, ардчиллын төлөө шийдвэр гаргасан.
Ж.Мөнхбат цаанаа жүжиг тоглож байгаа юм. УИХ тарахгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Сонгуульд өрсөлдөх хүртэл намын гишүүн байдаг. Өрсөлдөөд сонгогдсон бол УИХ-ын гишүүн. Төрийн хүн болж байна гэсэн үг. Ардчилал бол цөөнхийн хүндэлдэг нийгэм шүү” гэв.
Үндэсний эрх ашгаа дээдлэн сонголтоо хийсэн УИХ-ын гишүүдэд АН-аас сахилгын хариуцлага тооцож буйтай холбогдуулан тайлбар хийхээр энэхүү мэдээллийг хийж байна.
Posted by Жалбасүрэнгийн Батзандан on Sunday, December 2, 2018



