
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны хэлтсийн судлаач Б.Сарантуяатай ярилцлаа. Тэрбээр Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит 17 дахь удаагийн эрдэм шинжилгээний өгүүллийн уралдаанд “Үндсэн хуульт ёс ба ардчилсан институцийн хөгжил: Сонгуулийн төв байгууллагын бүтэц-чиг үүргийн бие даасан байдалд өгөх санал” бүтээлээрээ тэргүүн байр эзэлсэн юм.
-Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит 17 дахь удаагийн эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе. Таны судалгааны зорилгоос ярилцлагаа эхэлье.
-Баярлалаа, Сонгуулийн төв байгууллагын бүтэц-чиг үүргийн бие даасан байдалд өгөх санал судалгаагаараа Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний уралдаанд тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна.
Миний судалгаа 2 үндсэн зорилготой, хэд хэдэн асуултад хариулт олох үүднээс хийгдсэн. Ардчилсан Монгол Улсад зохион байгуулагдсан 9 удаагийн УИХ-ын, 8 удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль, мөн орон нутгийн сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) амжилттай зохион байгуулж, төрийн эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж ирсэн.
Тийм ч учраас сонгуулийн төв байгууллагын бүтэц, чиг үүргийг харьцуулан судлах нь нэгдүгээрт, сонгуулийн удирдлагын байгууллагын шударга, үр нөлөөтэй загварыг тодорхойлох, хоёрдугаарт, СЕХ-ны хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх оновчтой санал дэвшүүлэх үндсэн зорилготой байсан. Үүний тулд, судалгааны хүрээнд СЕХ бүтэц, чиг үүргийн хувьд хэр бие даасан бэ?; Бие даасан байдлыг хангах эрх зүйн ба практик баталгаанууд хэр ажиллаж байна вэ?; Ямар чиглэлд шинэчлэл, сайжруулалт шаардлагатай вэ? гэдэгт хариулт өгөхийг хичээсэн.
-Олон улсад сонгуулийн төв байгууллагын чиг үүрэг, бүтцийг хэрхэн тодорхойлсон байна вэ?
-Олон улсын түвшинд сонгуулийн төв байгууллагыг сонгуулийг шударга, ил тод, хараат бусаар зохион байгуулах үндсэн үүрэгтэй бие даасан институц гэж тодорхойлох нь түгээмэл байдаг. Онолын үүднээс тайлбарлавал, бүтцийн хараат бус байдал гэдэг нь сонгуулийн төв байгууллагууд Засгийн газрын салбар, ялангуяа гүйцэтгэх засаглалаас хараат бус, бие даасан байхыг ойлгоно. Чиг үүргийн хараат бус байдал гэдэгт чиг үүргээ гадны нөлөөлөл, дарамт шахалтгүйгээр гүйцэтгэх чадварыг ойлгоно.
Бүтэц-чиг үүргийн үүднээс хамтад нь судлахад 1) эрх хэмжээний бие даасан байдал; 2) бүтцийн бие даасан байдал; 3) нөөцийн бие даасан байдал; 4) чиг үүргийн бие даасан байдал тухайн институцэд бий эсэх асуудал хөндөгддөг. Үүнээс чиг үүргийн бие даасан байдал нь сонгуулийн төв байгууллага 1) Бие даасан, 2) Засгийн газрын 3) Холимог гэсэн загварын алинд нь хамаарах талаар судалдаг.
Эдгээрийг тус бүрд нь товч танилцуулбал, Засгийн газрын загвартай улсын сонгуулийн төв байгууллага нь гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлэгч яам эсвэл орон нутгийн эрх бүхий байгууллагын удирдлага дор байх бөгөөд сонгуультай холбоотой бодлого тодорхойлж, хяналт хэрэгжүүлдэг. Холимог загвартай улсын хувьд сонгуулийн төв байгууллага эсхүл хяналт хэрэгжүүлэгч субъектийн аль нэг нь Засгийн газрын удирдлагад харьяалагддаг.
Өөрөөр хэлбэл, сонгуультай холбоотой бодлого тодорхойлох нэгж засгийн бүтцэд хамаарч, хяналт хэрэгжүүлэх нэгж бие даасан байгууллагад хамаарах жишиг бий. Харин бие заасан загвартай улсын хувьд Засгийн газраас хараат бусаар байгуулагдаж, зохион байгуулагддагаараа онцлог бөгөөд Засгийн газрын өмнө хариуцлага хүлээдэггүй. Бүтэц-чиг үүргийн хувьд дэлхийн ихэнх улс (138 улс) Засгийн газраас хараат бус тогтвортой бүрэлдэхүүнтэй бие даасан загварыг хэрэглэдэг.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БҮС НУТАГТАА ХАРЬЦАНГУЙ ТОГТВОРТОЙ, ИНСТИТУЦИЙН ЧАДАВХТАЙ ЖИШИГТ ТООЦОГДДОГ
-Манай улсын сонгуулийн төв байгууллагын чиг үүрэг, бүрэлдэхүүн аль улстай төстэй, онцлог, ялгаа нь юу байв гэдгийг судлахад ямар дүгнэлтэд хүрсэн бол?
-Судалгаагаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь бие даасан загварт хамаарах үндсэн шинжүүдийг хангадаг буюу байнгын ажиллагаатай, гүйцэтгэх эрх мэдлийн өмнө хариуцлага хүлээдэггүй, үйл ажиллагааны хэрэгжилтийг өөрөө бүрэн хариуцдаг, эрх мэдлийн хувьд бие даасан, Төсвийн хувьд бие даасан байна. Харин үндсэн шинжүүдээс (1) бүрэлдэхүүний бие даасан байдал хангагдсан эсэх, (2) бүрэн эрхийн хугацаа хуульчлагдсан эсэхэд холбогдох зохицуулалт сул, эргэлзээтэй, шинэчлэл шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Дэлхий дээр сонгуулийн удирдлагын байгууллагатай, сонгууль зохион байгуулдаг 210 гаруй улс байна гэж АСДОУХ-ээс нээлттэй өгөгдөлдөө мэдээлсэн байдаг. Үүнээс Монгол Улстай ижилхэн бие даасан загварт хамаардаг 138 (64.79%) улс байдаг. Тэдгээрээс би судалгааныхаа хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Эстони Улсыг хамруулан авч үзсэн. Харьцуулсан судалгаагаар судалсан хоёр улсын хувьд үндсэн чиг үүрэг, зохион байгуулалтын хэлбэр нь төстэй. Ялгаатай тал нь бүрэлдэхүүнийг сонгох, томилох, бүрэн эрхийн хугацаанд холбогдох зохицуулалт байсан.
Тухайлбал, Бүгд Найрамдах Эстони Улсын хувьд сонгуулийг хороог бүрдүүлэхдээ Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс анхан болон давж заалдах шатны 2 шүүгчийг, Хууль зүйн сайдаас 1, Ерөнхий Аудитороос 1, Улсын ерөнхий прокуророос 1, Төрийн нарийн бичгийн даргаас 1, Эстонийн Аудиторуудын холбооны удирдлагын зөвлөлөөс 1 орон тоог санал болгох замаар олон талт төлөөллийг оруулж томилгоог хийдэг онцлогтой бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 4 жил байдаг. Бүгд Найрамдах Солонгос улсын хувьд Үндэсний сонгуулийн хороо нь 9 комиссараас бүрдэх ба гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Үндэсний ассамблей, гурвыг нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч санал болгож ба Үндэсний ассамблейд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулдаг.
Хорооны гишүүд дундаасаа даргаа сонгох бөгөөд хэн нэгэн субъект даргыг томилдоггүй зохицуулалттай байдаг. Үүнээс үзэхэд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь чиг үүрэг, зохион байгуулалтын хувьд бие даасан загварт хамаарч байгаа ч бүрэлдэхүүнийг нэр дэвшүүлэх, томилох механизм, бүрэн эрхийн хугацааны эрх зүйн зохицуулалтын хувьд харьцуулан судалсан улсуудтай харьцуулахад илүү тодорхой, олон талт төлөөллийг хангах шинэчлэл хийх шаардлагатай байна.
-Бүрэлдэхүүний бүтэц, ажиллах хугацаан дээр та санал дэвшүүлсэн. Энэ талаар дэлгэрэнгүй яриач.
-Бүрэлдэхүүний бие даасан байдалтай холбогдуулан судлахад, Венецийн комиссоос бие даасан байгууллагыг бүрдүүлэхэд баримтлах зарчмыг “бие даан ажиллах хамтын удирдлага бүхий байгууллагын томилгоо нь улс төржилтийг сааруулж хийгдэх ёстой” хэмээсэн байдагт үндэслэн саналаа боловсруулсан. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнд Ерөнхийлөгчийн зүгээс санал болгодог хоёр гишүүний бүрэн эрхэд холбогдох хуулийн шинэчлэлийг хийхдээ бие даасан хараат бус байдлыг хангах үүднээс мэргэжлийн этгээдийн оруулах зохицуулалт хийх (их сургуулийн багш, өмгөөлөгч, хуульч, иргэний нийгмийн төлөөлөл гэх мэт), нээлттэй нэр дэвших боломжийг бий болгох, нэр дэвшигч бүр дээр томилгооны сонсгол хийж УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн хоёрны гурваар буюу олонх, цөөнхөд хүлээн зөвшөөрүүлж томилох зохицуулалтыг хуульчлах санал гаргасан.
Мөн “Нийтийн ашиг сонирхолд холбогдох шийдвэрийг гаргадаг байгууллагын даргын томилгоог гаднаас хийх ёсгүй”. Тиймд, даргыг гишүүд дотроосоо сонгодог байх нь хорооны бие даасан байдлын нэг баталгаа болно. Хорооны гишүүд даргаа өөрөө сонгодог байх нь хороо нэг гишүүн эсвэл даргын явцуу ашиг сонирхолд хөтлөгдөх хандлагаас зайлсхийж, тэнцвэртэй ажиллахад тусална” гэж Венецийн комиссын зөвлөмжид үндэслэн:
- Институцийн бие даасан, хараат бус байдлыг хангахын тулд Хорооны удирдлагыг гишүүд дотроосоо санал болгож, гишүүдийн олонхын саналаар тодорхой хугацаатайгаар томилох зохицуулалтыг хуульд оруулах;
- Бүрэлдэхүүний хараат бус байдлыг хангах үүднээс бүрэлдэхүүний гишүүнд тавигдах шаардлагыг хуулиар тодорхойлон заах;
- Сонгуулийн төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хангах үүднээс: Улсын дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Их сургуулиуд, Хуульчдын Холбоо, Улс төрийн нам зэрэг байгууллагуудаас нээлттэй сонсголын үндсэн дээр УИХ-аас зургаан жилийн хугацаагаар томилохоор өөрчлөх нь хараат бус, бие даасан байдлыг хангаж улмаар чиг үүргээ хэрэгжүүлэхэд үр нөлөөтэй болно.
Бүрэн эрхийн хугацаанд холбогдуулан гаргасан саналын хувьд:
Нэгдүгээрт, хорооны бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацааг томилж буй этгээдийн бүрэн эрхийн хугацаанаас зөрөх ёстой байдлаар хуульчлах нь зохимжтой. Энэ нь томилгоог хийсэн этгээдээс хараат бус ажиллах, үйл ажиллагааг тогтвортой, залгамжтай байхад тустай олон улсын сайн туршлага болно.
Хоёрдугаарт, бүрэн эрхийн хугацаатай холбоотойгоор тодорхойгүй байдал үүсгэж буй “Хорооны гишүүний бүрэн эрх нь түүнийг томилсон тухай Улсын Их Хурлын шийдвэр гарснаар эхэлж, дараагийн гишүүн томилогдсоноор дуусгавар болно” гэх заалтыг хасах, хороо зургаан жилийн хугацаагаар томилох зохицуулалтыг хадгалсан тохиолдолд улиран сонгогдохгүй байх, бүрэн эрхийн хугацаа дууссан үед нөхөх томилгооны нөхцөлийг нарийвчлан хуульчлах шаардлагатай байна.
Нөгөөтээгүүр 2006 онд батлагдсан 5 удаа нэмэлт, өөрчлөлт орсон Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлага үүссэн хэмээн судлаачийн хувьд үзэж байна.
-Томилгооны тухайд?
-Бүрэлдэхүүнийг томилох зохицуулалтад шинэчлэл хийхдээ АСДҮОУХ-ийн боловсруулсан бие даасан сонгуулийн төв байгууллагын бүрэлдэхүүний загвар болох 1) олон намын төлөөллөөс бүрдсэн сонгуулийн төв байгууллагын загвар, 2) мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн сонгуулийн төв байгууллагын загвар, 3) намын төлөөлөл болон мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн холимог бүрэлдэхүүнтэй сонгуулийн төв байгууллагын загваруудыг тус тус харгалзан үзэх; Сонгуулийн төв байгууллагын бүрэлдэхүүнд олон намын төлөөллөөс оруулах зохицуулалт хийхдээ томилогдох гишүүн намынхаа эрх ашгийг хамгаалах, сонгуулийг төв байгууллагаас гаргаж буй шийдвэрүүдийг харилцан хянах, зөвшилцөх зэрэг нөхцөлийг харгалзан хууль тогтоох байгууллагад суудалтай намын төлөөллөөс бүрдэх, эсхүл олонх болон сөрөг хүчнээс бүрдүүлэх байдлаар зохицуулалтыг хуулиар тогтоохыг санал болгосон.
-Сонгуулийн төв байгууллага улс төр, нам эвслээс хараат бус байх шаардлагатай. Судлаачийн хувьд дүгнэхэд Монгол Улсад ийм боломж хууль тогтоомжийн түвшинд болон томилгооны хүрээнд хангагдаж чадаж байна уу?
-Судлаачийн хувьд, Монгол Улсад сонгуулийн төв байгууллагын хараат бус байдлыг хангах эрх зүйн суурь зохицуулалт хууль тогтоомжийн түвшинд бий гэж үздэг. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд СЕХ-г бие даасан, хараат бус байгууллага хэмээн тодорхойлох үндэс бий, мөн бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр тогтоосон нь олон улсын жишигт нийцсэн зохицуулалт юм. Гэвч томилгооны бодит механизмын хувьд авч үзвэл, улс төрийн нөлөөллийг саармагжуулах баталгаанууд хангалттай түвшинд хэрэгжиж чадахгүй байна гэж үзэж байна.
Ялангуяа бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд улс төрийн институцүүд давамгайлж, мэргэжлийн, хараат бус этгээдийн оролцоо хязгаарлагдмал байгаа нь СЕХ-ны бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд сорилт болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад сонгуулийн төв байгууллага улс төрөөс хараат бус ажиллах хууль зүйн боломж бий боловч, уг боломжийг бодитой хэрэгжүүлэх томилгооны бүтэц, нээлттэй сонсгол, тэнцвэртэй бүрэлдэхүүн, институцийн дотоод бие даасан байдлыг хангах зохицуулалт дутмаг байна.
Энэ бол хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал. Тиймээс цаашид сонгуулийн төв байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бодитоор хангах, бэхжүүлэхийн тулд олон улсын сайн туршлагад нийцсэн, улс төржилтийг сааруулах томилгооны механизм бүхий эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай гэж дүгнэж байна.
-Та олон улсын сонгуулийн байгууллагатай харьцуулж судалсан. Ер нь манай улсын сонгууль зохион байгуулах үйл ажиллагаа, сонгуулийн төв байгууллага аль түвшинд байна вэ. Олон улсад хэр үнэлэгддэг бол?
-Харьцуулсан судалгааны үүднээс авч үзвэл, Монгол Улсын сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаа, Сонгуулийн ерөнхий хороо нь бүс нутагтаа харьцангуй тогтвортой, институцийн чадавхтай жишигт тооцогддог. Ялангуяа ардчилалд шилжсэнээс хойш сонгуулийг тогтмол хугацаанд, тайван замаар зохион байгуулж, төрийн эрх мэдлийг шилжүүлэх үйл явцыг тасралтгүй хангаж ирсэн нь олон улсын байгууллагуудын зүгээс эергээр үнэлэгддэг. НҮБ, АСДОУХ зэрэг олон улсын ажиглагч байгууллагын дүгнэлтүүдэд Монгол Улсын сонгуулийн ерөнхий үйл явц нь олон улсын стандартад нийцсэн, санал хураалт, тооллогын зохион байгуулалт харьцангуй ил тод явагддаг улс хэмээдэг.
СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛЫГ ТАСРАЛТГҮЙ, ИНСТИТУЦЧИЛСЭН БАЙДЛААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
-Сонгуулийн төв байгууллага сонгууль зохион байгуулахаас гадна сонгогчдын сонгуулийн боловсролыг дээшлүүлэх чиг үүрэгтэй. Ихэнх улс орнуудын сонгуулийн төв байгууллага дэргэдээ сонгуулийн боловсрол олгох байгууллага, тусдаа бүтэцтэй байдаг. Манай улсын тухайд ямар боломж байна вэ?
-Сонгуулийн боловсролыг дээшлүүлэх нь сонгогч санал өгөх үйл явц, журам, тогтолцоог зөв ойлгож, сонгуулийн үр дүнг хууль ёсны, итгэлтэй гэж хүлээн зөвшөөрөхөд чухал ач холбогдолтой. Олон улсын туршлагаас харахад сонгуулийн төв байгууллагын дэргэд сонгуулийн боловсрол, мэдээлэл, сургалт хариуцсан тусдаа нэгж, эсхүл бие даасан бүтэц ажиллуулах нь түгээмэл байдаг. Энэ нь сонгогчдод сонгуулийн эрх, үүрэг, санал өгөх журам, сонгуулийн тогтолцооны талаарх ойлголтыг тогтмол, системтэйгээр хүргэх боломжийг бүрдүүлдэг.
Манай улсын хувьд Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн боловсролын чиглэлээр тодорхой ажлуудыг хийж ирсэн ч эдгээр нь ихэвчлэн сонгуулийн жилд төвлөрч, богино хугацааны шинжтэй байсан гэж судлаачийн хувьд дүгнэдэг. Харин сүүлийн жилүүдэд иргэдийн сонгуулийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлд илүү идэвхтэй, тогтвортой ажиллаж эхэлсэн нь сайшаалтай.
Тухайлбал, цахим хуудсаараа дамжуулан улс төрийн намуудын мэдээлэл, хандив, тайлан зэргийг нээлттэй эх сурвалж хэлбэрээр байршуулж, сонгогчийн гарын авлага, “Сонгуулийн боловсрол” сэтгүүл, эмхэтгэл, товхимол зэрэг мэдээллийн материалыг олон нийтэд хүртээмжтэй болгосон. Энэ нь сонгогчдын боловсролыг дэмжихэд цахим эх сурвалжийг үр ашигтай ашиглаж буй жишиг гэж үзэж болно, нөгөөтээгүүр Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажлууд бий.
Цаашид сонгуулийн боловсролыг тасралтгүй, институцчилсэн байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ийм тогтолцоо бүрдсэнээр зөвхөн сонгогчдод төдийгүй сонгуулийн зохион байгуулагчид, улс төрийн нам, нэр дэвшигчдэд чиглэсэн сургалт, мэдээллийг тогтмол хүргэх боломжтой болж, улмаар сонгуулийн маргаан, зөрчлийг бууруулах, сонгуулийн соёлыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.
-Сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх, судлаачдыг бэлтгэхэд төр, их дээд сургууль, иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намын үүрэг, оролцоо ямар түвшинд байх ёстой бол?
-Сонгуулийн эрх зүй, сонгуулийн институцийн хөгжлийг зөвхөн Сонгуулийн ерөнхий хорооны хүрээнд авч үзэх боломжгүй. Энэ бол олон талт оролцоонд суурилсан, хамтын ажиллагаа байх болов уу. Тухайлбал, төрийн байгууллагын хувьд эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх, судалгаа, сургалтыг бодлогоор дэмжих үндсэн үүрэгтэй. Харин Сонгуулийн ерөнхий хороо энэ хүрээнд мэргэжлийн судалгаа, сургалтын санаачлагч, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх нь зүйтэй бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлд анхаарч тогтмол үйл ажиллагаа явуулж буй нь сайшаалтай.
Их, дээд сургуулиудын хувьд сонгуулийн эрх зүй, ардчилсан институцийн судалгааг академик түвшинд хөгжүүлэх, мэргэшсэн судлаач, шинжээч бэлтгэхэд голлох үүрэгтэй. Үүний тулд сонгуулийн эрх зүй, сонгуулийн институцийн хөгжилтэй холбоотой хичээлийн хөтөлбөрийг сургалтын төлөвлөгөөнд тусгах нь оюутнуудыг энэ чиглэлээр гүнзгийрүүлэн мэргэшиж судлах боломжийг нэмэгдүүлнэ.
Иргэний нийгмийн байгууллагуудын хувьд сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг бодит практикт ойртуулах, олон нийтэд таниулахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ чиглэлээр ажиллаж буй төрийн бус байгууллагууд харьцангуй цөөн байгаа тул тэдний хүрээлэл өргөжих, харилцан уялдаа холбоотой хамтран ажиллах орчин бүрдэх нь чухал гэж үзэж байна.
Харин улс төрийн намуудын оролцооны хувьд сонгуулийн эрх зүйг зөвхөн өөрийн ашиг сонирхлын үүднээс бус, ардчиллын тогтвортой хөгжлийн суурь институт хэмээн ухамсарлаж, шударга өрсөлдөөн, дотоод ардчиллыг дэмжих байр сууринаас оролцох шаардлагатай. Эдгээр субъектүүдийн уялдаа холбоо, харилцан тэнцвэртэй оролцоо хангагдсан нөхцөлд сонгуулийн эрх зүй тогтвортой хөгжиж, мэргэшсэн судлаачдын орчин бүрдэнэ гэж дүгнэж байна.
Эх сурвалж: “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн сэтгүүлийн 2026 №1
Deprecated: htmlspecialchars(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home4/newswwso/public_html/wp-includes/formatting.php on line 4724



