Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн боллоо
“Соёлын бүтээлч сар-2024” аяныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын Улсын хороо хамтран орон даяар 11 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү аяны хүрээнд Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс “Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн-2024” үйл ажиллагааг /2024.11.14/ Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр Кино урлагийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах нь, Олон улсын хамтарсан кино бүтээх боломж, Монголын кино үйлдвэрлэл ба кино уран бүтээлчдийн статус судалгаа, түүний үр дүн сэдвүүдээр хэлэлцүүлгийг өрнүүлж, ЗГҮА-ны 2024-2028 оны хөтөлбөр төлөвлөгөөнд кино урлагийн чиглэлээр тусгасан зорилт, арга хэмжээ, цаашид авах арга хэмжээний бодлого төлөвлөлт болон Кино урлагийн зөвлөлийн 2024-2028 оны стратеги төлөвлөгөө, Монгол Кино Нэгтгэл ТӨҮГ-ын хэтийн төлөв, бодлого, үйл ажиллагаа, Кино үйлдвэрлэлийн аюулгүй байдлын стандарт, норм норматив сэдвүүдээр илтгэл танилцуулагдаж, санал асуулга явагдлаа.
“Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн–2024” үйл ажиллагаанд кино урлагийн салбарын нэрт зүтгэлтэн, ахмадууд болон залуу уран бүтээлчид нийт 200 гаруй төлөөлөгчид хамрагдлаа.