Берлины “Falling Walls Lab International Finale”-д өрсөлдөх эрхээ авлаа
“Falling Walls Lab Mongolia 2024” форумын эцсийн шатанд шалгарсан 13 илтгэгчээс “BIODEGRADABLE POLYMER” судалгааны төслөөр тэргүүлж, үндэсний ялагч болсон МУИС-ийн залуу судлаач Одбат овогтой Эрдэнэчимэгт ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү үндэсний ялагчийн батламж болон 2024 оны 11 дүгээр сард Берлин хотноо зохион байгуулагдах “Falling Walls Lab International Finale” арга хэмжээнд оролцох эрхийн бичгийг гардууллаа.
Falling Walls Lab нь 2009 онд Берлинд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн залуу судлаач, шинжээч, гарааны бизнес эрхлэгчдийг цуглуулж, тэдний бүтээлч санаачилга, шинэлэг шийдэл, судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулдаг платформ юм.
Жил бүр дэлхийн 100 гаруй улсад салбар тэмцээн зохион байгуулагдаж, 1000 гаруй залуу судлаач, шинжээчид, гарааны бизнес эрхлэгчид өөрсдийн төслөө танилцуулдаг бөгөөд тэднээс шилдэг 100 оролцогч Берлинд болох эцсийн шатанд шалгарч, дэлхийн хэмжээний уралдаанд өрсөлддөг.
Falling Walls Lab Mongolia арга хэмжээг Монгол Улсын Эдийн Засаг, Хөгжлийн яам, Шинжлэх Ухаан Технологийн Сангийн дэмжлэгтэйгээр төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагууд хамтран жил бүр зохион байгуулж байна.