уран зураг

“Соёлын бүтээлч сар”-ыг “Эртний сайхан” үзэсгэлэнгээр нээлээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын бүтээлч сар” 2024 өнөөдөр “Эртний сайхан” нэртэй үзэсгэлэнгээр нээлээ.

 Өнөө жилийн соёлын бүтээлч сар аяны хүрээнд

  • “Соёлын өв”
  • “Урлаг-уран бүтээл”
  • “Соён гэгээрэл”
  • “Спортын” чиглэлээр үзэсгэлэн, урлагийн тоглолт, бүтээлч экспо, хэлэлцүүлэг, спортын уралдаан тэмцээн, боловсролын хөтөлбөр, бүх нийтийн боловсрол олгох оролцоот хөтөлбөр зэрэг хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн 2000 орчим арга хэмжээг “Өвлөн бүтээх өнөө ирээдүй” уриан дор зохион байгуулна.

Соёлын бүтээлч сар 2024-г нээлтийн үзэсгэлэн болох “Эртний сайхан”-д Монголын түүхэн хүмүүн болох Улсын их дагина Цэндийн Дондогдулам, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрэгзэнгийн Чойдог, Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Сономбалжирын Буяннэмэх, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Жигжидийн Мөнхбат нарыг онцолж, тэдний эрхэмлэн дээдэлж ирсэн үнэт зүйлс, ур чадвар, ухааныг хойч үе, хүүхэд, залууст сургах, түгээхэд чиглэсэн олон талт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

“Эртний сайхан” үзэсгэлэнг нээж ССАЖЗЯ-ны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар, Монголын Урчуудын Эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат мэндчилгээ дэвшүүлэв. Мөн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Даяар дурсагдах, далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны гэргий Өлзий-Утасын Тамир тэргүүтэй зочид байлцав.

Түүнчлэн улс, аймгийн музей, мэргэжлийн урлагийн байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын төв, ордон нь үйл ажиллагааны онцлогт тулгуурлан тухайн орон нутаг, байгууллагаас төрөн гарсан эрдэмтэн судлаач, алдар суут хүмүүсээ сурталчлан алдаршуулах бөгөөд 21 аймаг, нийслэл, дүүрэг, сумдын соёл урлаг, спортын 454 байгууллага, 2000 орчим арга хэмжээг зохион байгуулна.

Үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн ARTZONE галерейд 2024 оны 11 дүгээр сарын 01 нээс 15-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close