ЦДБЭЧ-ын хамт олны цуврал тоглолтууд Москва хотод үргэлжилж байна

ОХУ-ын Москва хотын Улаан талбайд болж буй “Спасская башня” олон улсын цэргийн хөгжмийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй ЦДБЭЧ-ын хамт олны цуврал тоглолтууд Москва хотноо амжилттай үргэлжилж байна.
Эхний тоглолтоо Улаан талбай дахь “Старая башня” цамхаг, Г.К.Жуковын хөшөөний дэргэд зохион байгуулсан бол дараагийн тоглолтоо Олон үндэстний аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн (ВДНХ)-гийн цэцэрлэгт хүрээлэнд хийсэн юм.
Амралтын өдрөөр тус хамт олон “Измайловский парк”-д бие даасан тоглолтоо толилуулсан бөгөөд энэхүү тоглолтыг Москва хотын оршин суугчид, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны хамт олон, ОХУ-ын БХЯ, Монгол Оросын анд нөхдийн нийгэмлэг, Монгол Улстай цэрэг техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажилладаг компаний төлөөлөл, ОХУ-д ажиллаж амьдардаг Монголчууд, сонсогч, оюутан залуучууд үзэж сонирхов.
Уг тоглолтын орчуулагч хөтлөгчөөр Батлан хамгаалахын атташегийн туслах, хошууч Э.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа юм. Тэрээр “Бидний тоглолтыг талархан хүлээн авч байгаа Москвагийн үзэгч, сонсогчдод маш их баярлалаа” хэмээн талархал илэрхийлжээ.






