
ОХУ-д үйлдвэрлэсэн орчин үеийн автомашин, автотехникийн шоу үзвэр Тусгаар тогтнолын талбайд гарч байна. Энд Оросын автомашины тэргүүлэгч үйлдвэрлэгч, монголчуудын хуучны танил Горькийн автомашины үйлдвэр (ГАЗ), “УРАЛ” үйлдвэрийн автомашин болон орчин үеийн төрөл бүрийн автотехник, Ярославскийн моторын үйлдвэр техникүүдийн хөдөлгүүр үзүүлж байна.

Тодруулбал, үзэсгэлэнгийн хүрээнд зорчигчийн болон ачааны, бартаат замын, цаг уурын хүндрэл бэрхшээлтэй нөхцөлд зориулсан 5 төрлийн автомашиныг танилцуулж байна. Үүнд:

- ГАЗ-ын үйлдвэрийн 19 хүний суудалтай жуулчны автобус “Gazelle NN”,
- Мөн ГАЗ-ын үйлдвэрийн 13 хүний суудалтай микроавтобус “Gazelle Business 4×4”,
- хөргүүртэй “Соболь-NN” автомашин,
- онцгой байдлын албанд хэрэглэх хөдөлгөөнт штаб машин “Соболь-NN 4×4”,
- уул уурхай, барилгын ажилд ээлжийн үүрэг гүйцэтгэх зориулалттай “УРАЛ-NEXT 6×6” автобус тус тус орж байна.

Эдгээр автомашин нь тохь тухтай, туулах чадвар болон чанар өндөр, найдвартай юм хэмээн Монголд ирээд буй ОХУ-ын автомашины үйлдвэрлэлийн төлөөлөгчид танилцуулж байна. Эрс тэс уур амьсгалтай, байгаль цаг уурын хатуу ширүүн нөхцөлд зориулсан техникүүд юм гэдгийг Горькийн автомашины үйлдвэрийн төлөөлөгч Денис Цветов хэлж байна.

Тэрбээр, бид Монгол Улсад орчин үеийн техникийн шийдэл, эдийн засгийн үр ашиг, бат бөх чанарыг хослуулсан машин техникийг танилцуулж байна. Горькийн үйлдвэрийн автомашинууд Оросын зах зээлд тэргүүлэгч төдийгүй дэлхийн олон улс оронд нийлүүлж байна.

Манай туршлага Монголд ч ашигтай гэдэгт бид итгэлтэй байна. Манай автомашинууд нь жижиг, дунд бизнес эрхлэгч нар, орон нутгийн хэрэгцээнд найдвартай туслагч болж чадна. Хамтран ажиллах түншүүд болон мэргэжлийн хэрэглэгч нартай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэв. “УРАЛ” автомашины үйлдвэрийн экспортын хэлтсийн дарга Е.В.Ильиных:
-Бид боломжит түншүүдтэй яриа хэлэлцээ хийхэд нээлттэй бөгөөд монголчууд манай техникийн бодит үнэ цэнийг олж харах болно гэж найдаж байна. Энэ бол цаг хугацаагаар баталгаажсан найдвартай бүтэц, хүнд хэцүү цаг уурын нөхцөл болон бартаат замд ажиллах чадвартай, ашиглалтын дээд зэргийн үр ашиг юм хэмээн тодотгон хэлж байна.

ОХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй Оросын орчин үеийн автотехникийн үзвэрийн шоу 6 дугаар сарын 28-30-нд үргэлжилэн гарч байна.

Уг үйл ажиллагаа нь бизнесээс гадна соёлын хөтөлбөртэй. Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт, урлагийн үзүүлбэртэй. Хүүхдүүдэд зориулсан гар урлалын болон хөгжмийн, зургийн сургалт, Оросын нэртэй загвар зохион бүтээгчдийн урласан үндэсний хувцасны загварын үзүүлбэр мөн болж байна.




















