
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 14 мега төслийн эхэнд “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан төмөр замын холболтыг үе шаттай барихаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2025.02.14-нд Харбин хотноо байгуулж, 3 сарын дараа буюу 2025 оны 05 сарын 14-нд төслийн нээлтийг хамтран хийж, бүтээн байгуулалтын ажлыг хоёр талаас албан ёсоор эхлүүлсэн билээ.
Монгол Улсад 70 жилийн дараа биелэлээ олж буй энэ бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцсон.

Энэхүү “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г “Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын тээврийн үйл ажиллагааг гүйцэтгэгч байгууллага болох “Монголын төмөр зам” ТӨХК, БНХАУ-ын “”Чайна Энержи Коксжих нүүрс /Тяньжин/” ХХК компанитай байгуулсан. Өөрөөр хэлбэл, “Чайна энержи цахим худалдаа ХХК, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хооронд байгуулсан “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”-ний хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК ачаа тээврийн гэрээ байгуулсан билээ.
Тэгвэл “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г хэрэгжүүлэх хүрээнд ачаа тээврийн үйл ажиллагааг /2025.06.24/ албан ёсоор эхлүүлж, “Тавантолгой” өртөөнөөс нүүрс тээвэрлэлтийн эхний галт тэрэг хөдөллөө. Ингэснээр Монгол Улсад зам тээврийн салбарт тэр дундаа төмөр замын салбарт түүхийн шинэ хуудас нээгдэж, Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох ажил ахицтай, амжилттай урагшилж байна.

Манай улс “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-гээр 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэж, Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтын том ажлыг бодитоор хэрэгжүүлэх юм. Тиймээс энэхүү үйл явдал нь Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэх чухал үйл явдал төдийгүй Монгол, Хятад хоёр улсын нийгэм, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хөгжил дэвшилд үр өгөөжөө өгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой, түүхэн чухал үйл явдал юм.
Нээлтийн ёслолд: Монгол Улсын талаас:
- Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
- Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар
- Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат
- Монгол Улсын Төмөр замын газрын дарга Б.Артур
- Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт
- Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун
- Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон
- Гашуунсухайт дахь Гаалийн газрын дарга Л.Ганбаяр
- ”Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог
БНХАУ-ын талаас:
- ”Чайна Энержи Групп”-ийн Цахим Худалдааны ХХК-ийн ТУЗ-ийн дарга Жан Яньшөн
- ”Чайна Энержи Групп” -ийн Олон улсын хамтын ажиллагааны албаны орлогч дарга Гуань Жянь
- ”Чайна Энержи Групп”-ийн Цахим Худалдааны ХХК-ийн Ерөнхий захирлын орлогч Шэнь Жянь
- ”Чайна Энержи Групп”-ийн Ганцмод төмөр замын хөрөнгө оруулалт ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ван Шанжүнь
- ”Чайна Энержи Групп”-ийн Олон улсын худалдааны компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Жин Гө
- ”Чайна Энержи Групп”-ийн Нүүрс тээврийн албаны Техникийн хэлтсийн орлогч дарга Тан Нин
- ”Чайна Энержи Групп”-ийн Коксжих нүүрс (Тяньжин) ХХК-ийн Ерөнхий захирлын орлогч Сүнь Рүйхай болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.




