FocusЗТЯЯрилцлага

Б.Дэлгэрсайхан: Багахангай-Хөшигийн төмөр зам Зам тээврийн яаманд хамааралтай

УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоол болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй, “Боомтын сэргэлт” үндэсний хөтөлбөрт багтсан Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил энэ оны 6 дугаар сарын 15-ны өдөр албан ёсоор эхлээд байна. Энэ үеэр бид сүүлийн үед шүүмжлэл дагуулан яригдаад буй төмөр замын өөр нэг төсөл болох Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлд тавьж буй төмөр замын талаар Зам, тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Дэлгэрсайханаас тодруулав.

-Багахангай-Хөшигийн хөндийн чиглэлд тавьж буй төмөр замыг тантай хамааралтай хэмээн ярьж байгаа. Энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү? Энэ төслийн бүтээн байгуулалт хэдий хугацаанд үргэлжилж, ямар үр дүнтэй байх вэ?

-Энэ төмөр зам надтай хамааралтай биш, ЗТЯ-тай хамааралтай зам гэдгийг дахин давтан хэлье. Энэ төмөр замыг гурван жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас “Богд хаан” төмөр замын төсөл гэж эхлүүлэхээр болсон юм. Та бүхэн мэдэж байгаа.

Гэвч ОХУ-ын талаас энэ төмөр замыг тавьж, барьж байгуулах, Улаанбаатар хотоос тойрч гаргах талаар татгалзсан. Тиймээс төсөл гурван жил хөдлөөгүй Энэ талаар тухайн үед Оросын талаас тодруулж асуухад төсөл их үнэтэй байна гэсэн асуудлыг ярьж байсан юм.

-Одоогийн нөхцөлд шийдвэр яаж гарав. Төслийн зорилгыг дахин тодруулья?
-Эргэж сануулахад анх энэ төмөр замыг барьж байгуулах тухай Засгийн газраас тогтоол гаргахад 1.5 тэрбум ам.доллароор барина гэсэн төслийг батлаж байсан. Одоо яасан гэхээр өнгөрсөн хугацаанд буюу гурван сарын өмнө энэ төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх тогтоолыг Засгийн газар гаргасан.

Ингэхдээ заавал нэг талтай хамтрах албагүй юм байна, ер нь салбар зам болгож тавья. Ингэснээр нийслэл хотыын түгжрэлийг бууруулах, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй тээвэр зуучийн болон терминалын олон арван газар, нийслэлд түгжирч буй ачаа тээврийг хотоос гаргаж төвлөрүүлье.

Ингэвэл түгжрэл тодорхой хэмжээгээр буурна хэмээн үзэж хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Ялангуяа аюултай ачааны хувьд. Та бүхэн мэдэж байгаа, хоёрхон жилийн өмнө нийлэлд хий тээвэрлэж явсан ганц цистерн дэлбэрэхэд орон сууцны бүхэн бүтэн хороолол тэр чигтээ шатаж, олон хүн амиа алдаж, эд хөрөнгөөр хохирсон нь саяхны жишээ юм.

Бүтээн байгуулалтын хувьд “Монголын Төмөр зам” компани ТЭЗҮ-г боловсруулаад, одоо зураг төслийг хийж дуусгаж байна. Төмөр зам нийт 102 км, хоёр өртөө, гурван зөрлөгтэй байх юм. Богино хугацаанд 230 сая ам.доллар буюу 840 гаруй тэрбум төгрөгөөр барих юм. Энэ нь төсөвт ямар нэг дарамт байхгүй, “Монголын Төмөр зам” компани өөрөө зээл авч, өөрийн орлогоороо барихыг үүрэг болгосон ийм шийдвэр гарсан юм.

Бүтээн байгуулалтыг болж өгвөл 4-5 сарын хугацаанд хийж дуусгана. Цаашид хойд хөрштэй энэ төмөр замын талаар үргэлжлүүлэн хэлэлцэж, холбох талаар ярилцана. Зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй ч гэсэн манай нийслэл хотод нүүрлээд буй аюултай нөхцөл байдлыг арилгах зохицуулах зорилгоор энэ төслийг зайлшгүй явуулж хэрэгжүүлэх шалтгаан болон шаардлага байгаа юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close