Урлаг спорт

Асгарах бороотой “Хөхөөний үүр”

… Бодол ариусгаж, бие сэтгэлийг сэргээдэг бороон чимээг анирдахуйд алс тэртээд үлдсэн гунигтай дурсамжууд сэдрэх шиг уйтай. Гэхдээ бороон чимээнд дурланхан, бүхий л бие сэтгэлээрээ мэдрэнхэн, уусанхан алхдаг тэр хормуудад би жаргалтай байдаг.

Гэтэл үрээ харамлах эх хүний сэтгэлийн хашгираан аадар бороо болон асгарах тэр мөчийг харж суухдаа амиа хувааж төрүүлээд, хайрлан өсгөж байгаа хүүхдүүд рүүгээ өөрийн эрхгүй гараад гүймээр санагдсан тэр мэдрэмж . . .

Орчлон хорвоод эмэгтэй хүн болж төрнө гэдэг их хувь заяа. Ариун хэвлийдээ үрээ тээж, алтан дэлхийд төрүүлэн амьдрал хайрладаг ачтан. Гэвч эмэгтэй хүн бүхэнд ариун хэвлийдээ үрээн тээж төрүүлэх азтай хувь тавилан заяадаггүй нь амьдралын нэгэн гачлан билээ.

Энэ дэлхийн хаана ч тэр хүлээж, хүсэж залбираад, буян амлаж бурхан бүтээгээд ч үрийн заяа түшиж, эх хүн болох хувь тохиолгүй хичнээн олон эмэгтэй хүүхэд төрүүлж чадахгүй яваа бол . . .

Өнөөдөр та баян өнгөлөг мөнгөлөг, эгэл  жирийн нэгэн, магадгүй ядуу тарчиг хоногийнхоо хоолыг чадан ядан хүргэдэг бай хамаагүй таныг энэ амьдралд байсан юм шүү гэдгийг батлах тэр хүн бол үр хүүхэд. Амьдралын тань үргэлжлэл, алтан дэлхий дээрх хамгийн сайхан бэлэг, хайр энхрийлэлийн эзэн.

Магадгүй яг одоо бүсгүй та гуниггүйхэн амьдралд тань  гэмгүйхэн ирсэн үрээсээ татгалзах гэж байгаа юм биш биз. Магадгүй залуу та хайрлаж дурласан бүсгүй тань “ээж болох нь” гэж хэлэхэд нь нүүр буруулан зугтаахыг бодож суугаа юм биш биз. Үр хүүхэд гэдэг хүссэн хүн бүрт заяадаггүй юм. Тэд бидний амьдралын бэлэг. Аз жаргалын үүд хаалгыг нээдэг “сахиусан тэнгэрүүд”

Үрийн заяа түшдэг хорвоод өнөөдөөр биш маргаашийн төлөө сонголт хийж байгаарай …

Энэ бол хүний амьдралын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “Хөхөөний үүр” Монголын уран сайхны киног үзээд төрсөн сэтгэгдэл минь.

Цэл залуухан 20 настай, амьдралын боломж бололцоо муутай нэгэн бүсгүй ээж болж, хүний нутагт очин төрүүлсэн үрээ баян айлд өргүүлнэ. Гэвч арван сар тээж, ангир уургаа хөхүүлсэн үрээ орхиод явах сэтгэл түүнд байсангүй. Охиноо авч чадсан ч буцааж алдах тэр мөчид эх хүн гэдэг үр хүүхдийнхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй гэдгийг аймшигтайгаар харуулж, харамсал төрүүлэв. Гэхдээ энэ орчлонд эх, үрийн ариун хэлхээс хэзээ ч тасардаггүй, хүн хүнээ гэсэн сэтгэл агуу гэдгийг харуулсан энэ киноны анхны үзэгчид нүдэндээ нулимстай, нүүрэндээ гунигтай тарцгаасан юм.

“Кино цамхаг” студийн зургаа дахь дэлгэцийн уран бүтээл болсон тус киног Өмнөд хөршийн уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ. Киноны ерөнхий продюсерээр жүжигчин Ө.Мөнгөнтулга, ерөнхий найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор Б.Бат-эрдэнэ \Аранза\ нар ажилласан байна.

Кино зохиолыг С.Баярсайхан, Б.Цогт-Эрдэнэ нар бичсэн бол гол дүрд залуу жүжигчин Р.Нандинцэцэг, туслах дүрүүдэд Э.Пүрэвжаргал, ӨМӨЗО-ны жүжигчин С.Сайшингаа, Ж.Алтангуа, Б.Наянтай нар тоглосон байна.

Үзэгч та бүхэн хүн мөнгөний төлөө юу хийдэг, эмэгтэй хүний хүсэл, эхийн сэтгэл,хүн чанар, хүний амьдралын жаргалд зовлон ээлжилдэг гэдгийг ухааруулах “Хөхөөний үүр” уянгын драм киног гэр бүлийнхээ хамт үзээсэй гэж хүсмээр байна.

Үр хүүхэд гэдэг хүссэн хүн бүрт заяадаггүй . . .

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close