
МАН-ын бага хурлаас гарсан шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр “МАН-ын Бага хурлын 7 дугаар хуралдаан амжилттай хуралдаж дууслаа. МАН-ын бага хурлын энэхүү хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хууль, МАН-ын дүрэмд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж томилуулах саналыг хэлэлцлээ. Мөн бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. Энэ удаагийн хуралдаанаар Шинэ Ерөнхий сайдад нэр дэвших 4 нэр дэвшигчийн асуудал яригдсан.
Өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж МАН-ын дарга Лувсаннамсрайн Оюунэрдэнийн санал болгосны дагуу намын Удирдах зөвлөлийн хурлаар Гомбожавын Занданшатарыг 100%-ийн саналаар намын бага хуралд Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг оруулсан. Бага хурлын зааланд 3 нэр дэвшигч нэмэгдэж, 4 хүний нэр дэвшүүлэх санал гарсан. 2 нэр дэвшигч нэрээ татаж, Гомбожавын Занданшатар болон Ганзоригийн Тэмүүлэн гэсэн 2 нэр дэвшигчтэйгээр өнөөдрийн Бага хурал дээр санал хураалт явагдаж дүн гараад байна. Энэхүү бага хурлын үеэр Шинэ Ерөнхий сайдад нэр дэвших гэж байгаа хүмүүсээс өнөөгийн үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдал, улс орны нийгэм эдийн засгийн асуудлаар олон асуулт асууж, 50-аад хүн цаашид анхаарах бодлогын асуудлуудаар санал бодлоо илэрхийлсэн нилээн өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөн Бага хурал боллоо.
Бага хурлын 347 төлөөлөгч энэхүү санал хураалтад оролцож. 67,84%-ийн саналаар Гомбожавын Занданшатарыг Монгол улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. Энэ дагуу Бага хурлын тогтоол гарч шийдвэр гарсан учраас маргааш бид бүхэн Монгол улсын ерөнхий сайдад Монгол Улсын Үндсэн хуульд заасан бусад хуулийн дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг. Томилуулах саналаа хүргүүлэх болно. Бага хурлын энэхүү хуралдаан дээр улс орны нийгэм эдийн засгийн асуудлаар, төсөв эдийн засгийн асуудлаар, олон улсын нөхцөл байдлын асуудлаар олон талаас нь ярилцаж энэ шийдвэр гаргасныг та бүхэнд дуулгахад таатай байна” гэлээ.



