FocusНҮБ

НҮБ-ын найм дахь ЕНБД Бан Ги Мүн нар дурсгалын мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд дурсгалын мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцсон 20 мянга гаруй энхийг сахиулагчдын нэрэмжит төгөл байгуулсныг хэллээ.

НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн албан үүргээ гүйцэтгэж байх үеэрээ Монголын энхийг сахиулагчидтай уулзаж байснаа санан дурсаж, энхийг сахиулагчдыг хүндэтгэн төгөл байгуулсанд талархал илэрхийлэв.

Энэ үеэр Зүүн хойд Азийн уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын зөвлөл, Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл, НҮБ-ын нийгэмлэгийн гишүүн залуучууд, Ойн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд хамт мод тарилаа.

Энхийг сахиулагчдын төгөлд 2022 онд Монгол Улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мод тарьж байсан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close