ХАА-н салбарОрон нутаг

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Атрын IV аян”-ы хүрээнд Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнийг 2025.03.27-ны өдөр Дархан-Уул аймагт амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнийг хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих, мал аж ахуй, тэжээл үйлдвэрлэлийн зорилтыг танилцуулах, малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох зорлигоор явуулсан. 

Энэ үеэр салбарын мэргэжилтнүүд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх төрийн дэмжлэгийн талаар танилцуулсан бол мах, сүүний үхэр, тахиа, зөгийн аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд өөрсдийн туршлагыг танилцуулав.

Зөвлөгөөний дүнд оролцогчид дараах 5 саналыг гаргажээ. Үүнд:

  1. Малын тэжээл тариалах зориулалтаар тариалангийн талбайг шинээр олгох, захиалгат тэжээл тариалалтын үйлчилгээг нэвтрүүлэх;
  2. Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгах, экспортлох боломжийг бүрдүүлэх;
  3. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг татвараас чөлөөлөх, эргэлтийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттөө зээлийг урт хугацаагаар олгох, тэжээлийн ургамал тариалахад урамшуулал өгч дэмжлэг үзүүлэх;
  4. Хээлтүүлэгчийг үржлийн цөм сүргээс бэлтгэж, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж ажиллах;
  5. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бэлчээрийн ургамлын төрөл зүйл цөөрч зөгий бэлчээргүй болсон өнөө үед газар тариалан эрхэлж буй аж ахуйн нэгжүүд талбайгаа зөгийн аж ахуй эрхлэгчдэд ашиглуулж хамтран ажиллах санал гаргав. 

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн зөвлөгөөнд Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв, Сүхбаатар аймгийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл болон аймгуудын ХХААГ-ын дарга нар, малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэгчид тэргүүтэй 100 гаруй хүнийг хамруулав. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close