
Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ын хэмжээнд 30 орчим ой хээрийн түймэр гарч, дөрвөн хүн нас барж, 1500 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Тус улсын зүүн өмнөд бүс нутгуудад гарсан уг түймрийн улмаас засгийн газар бямба гаригт үндэсний хэмжээний гамшгийн байдал /2025.03.22/ зарлахад хүрсэн юм.
Энэ талаар тус улсын Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штабын мэдээлснээр, олон мянган га талбай шатсан гурван бүс нутагт гарсан түймрийг унтраахаар Солонгосын Ойн алба (KFS), цагдаа, гал унтраах алба, цэрэг, орон нутгийн засаг захиргааны 100 орчим нисдэг тэрэг, 600 гаруй гал унтраах машин, бусад техник хэрэгсэл, 6400 орчим албан хаагч дайчлагджээ. Мөн түймэрт 40 орчим байшин шатаж, гурван бүсийн 1500 гаруй оршин суугчийг олон нийтийн төв, биеийн тамирын заал зэрэг түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлээд байгаа юм.

Зүүн өмнөд хэсгийн Санчонг мужид дөрөв дэх өдрөө дэгдэж буй ой хээрийн түймрийг унтраахын тулд эрх баригчид нисдэг тэрэгнүүдээ эрчимтэй ажиллуулна гэж албаныхан мэдэгджээ. Тодруулбал, даваа гарагийн өглөөнөөс /2025.03.24/ эхлэн Сөүлээс зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд орших Өмнөд Кёнсан мужийн хоёр хошуунд 36 нисдэг тэрэг илгээж, ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна гэж тус мужийн засаг захиргаа мэдээлжээ.
Тус газарт 2341 гал сөнөөгч, цэрэг дайчлан ажиллаж, ой хээрийн түймрийг орон сууц, байгууламжид тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ. Мөн Арми, Тэнгисийн явган цэргийн корпус, Агаарын цэргийн хүчний 1350 орчим цэрэг, мөн 35 нисдэг тэрэг хээрийн түймрийг дарж, эмнэлгийн тусламж үзүүлэхээр дайчлагдсан, Гал сөнөөгчид Санчонд гарсан хээрийн түймрийн 70 хувийг цурманд оруулсан гэж тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

Түүнчлэн хавар бол хамгийн их түймэр гардаг улирал бөгөөд 2015-2024 он хүртэл нийт 5455 тохиолдлын 56 хувь нь 3-р сараас 5-р сарын хооронд гарсан. Энэ нь гол төлөв хуурай цаг агаар, хүчтэй салхи, өвлийн дараа явган аялал нэмэгдсэнтэй холбоотой гэжээ.