Оюутны усны холбоо албан ёсоор байгуулагджээ

Усны мэргэжлээр болон байгаль орчны чиглэлээр сурч буй оюутан залуучууд чуулж сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэн Оюутны усны холбоо (ОУХ) албан ёсоор /2025.02.21/ байгуулагджээ. Оюутны усны холбооны анхдугаар хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын усны бодлогын зөвлөх Г.Мөнх-Эрдэм, БОУАӨСайдын зөвлөлийн гишүүн, Байгаль орчны гавьяат ажилтан И.Батцэцэг, Монголын Усны академийн Ерөнхийлөгч доктор, профессор С.Чулуунхуяг, МОХ-ны дэд ерөнхийлөгч Ш.Өнөболд, БОУАӨЯамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн усны асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Номин , ХААИС-ийн доктор, дэд профессор Х.Мөнхтуяа нар оролцсон байна.
Тус холбоо нь усны нөөц, усны менежмент, усны чанар, хүртээмж, зүй зохистой ашиглах, хэмнэхтэй холбоотой асуудлуудаар оюутан, залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, усыг хамгаалах, зөв ашиглах, үнэ цэнийг иргэд, олон нийтэд таниулах, сурталчилах оролцоог нэмэгдүүлэх, мэдээ мэдээллээр хангах, төсөл хэрэгжүүлэх зорилготой ажиллах юм.
Анхдугаар хуралдаанаар усны асуудлаарх оюутнуудын оролцоо, бүтээмж, мэргэжил сонголт, ажлын байр зэрэг сэдвээр санал бодлоо солилцсон байна. ов. Оюутнуудын дунд усны нөөц, усны менежмэнт, экологи, уул уурхайн үйл ажиллагаа, хөдөө аж ахуйн усны хэрэглээ зэрэг сэдвээр сургалт, семинар зохион байгуулах, судалгаа хийх, олон нийтэд эерэг нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.

Холбооны гишүүд нь усны мэргэжлээр болон байгаль орчны чиглэлээр суралцдаг сайн дураар эвлэлдэн нэгдсэн оюутнууд байх бөгөөд холбоо нь гишүүдээ олон улсын оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах, мэргэжлийн чиглэлээр туршлага судлах, хичээлийн бус цагаар мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, олон улсын дэвшилтэд техник технологийг судлах, мэргэжлийн үйлдвэрлэлийн дадлага хийх, ажлын байраар зуучлах, гадаадад суралцах нөхцлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулна. Оюутны усны холбооны үйл ажиллагаа нь усны нөөцийг нэмэгдүүлэх, хэрэгцээг хангах, байгаль орчноо хамгаалах, ирээдүйд илүү сайн амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Анхдугаар хуралдаанаар 100 хувийн саналаар холбооны анхны тэргүүнээр ШУТИС-ийн САН 4 дүгээр курсын оюутан А.Дархан-Эрдэнэ сонгогдлоо. Хяналтын зөвлөлийн гишүүдээр ХААИС-ийн оюутан С.Өсөхбаяр, ШУТИС-ийн оюутан М.Анунгоо, МУИС-ийн оюутан Б.Аминаа нар сонгогдлоо.
Оюутны усны холбоо нь бусад мэргэжлийн болон оюутны холбоодтой хамтран ажиллаж, усны менежментийн чиглэлээр олон төрлийн хөтөлбөр, төсөл боловсруулан хэрэгжүүлэх болно.

УОХ-ны албан эх сурвалж утсаар 99565693 мэдээ мэдээлэл авах боломжтой.
- Холбоо: Усны оюутны холбоо
- Удирдлага: Тэргүүн
- Хаяг: 8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс 14191
- Утас: 99565693
- И-мэйл: ddarhanerdene@gmail.com
Энэхүү холбоо нь оюутнуудын идэвхийг нэмэгдүүлэх, усны салбарт илүү их анхаарал хандуулахад чухал алхам болж байна. Бид тус холбооны үйл ажиллагааг үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Эх сурвалж: #Оюутныусныхолбоо