Гадаадын жуулчид Монголын өвлийг үзэх гэж Хөвсгөлийн мөсний баярыг зорин ирцгээжээ

“Хөвсгөл Хөх сувд-2025” олон улсын мөсний наадам /2025.02.13/ Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн аманд эхэлж, мөсөн урлал, тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа тэмцээн зэрэг зохиогдлоо. Мөн мөсөн волейболын тэмцээн, цаатан хотхоны нээлт, Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолт болов. “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд бүтээсэн мөсөн хотхоныг Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлажээ.
Монголын гайхамшиг мөсөн урлалын тэмцээн, “Оpen mik” чөлөөт тоглолтоос гадна “Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолт” тоглолт боллоо. Тус урлагийн тоглолт”-оор Хөвсгөл аймгийн бүх сумаас ирсэн халх, дархад, хотгойд, урианхай угсаатныг төлөөлсөн 50 гаруй ардын авьяастан, уран бүтээлчид дуу хуураа сонирхууллаа.
Мөсний баярт Архангай, Завхан, Дархан, Сэлэнгэ, Төв, Булган зэрэг аймгаас, мөн гаднын улс орнуудаас нийт олон зочид ирж үзэж сонирхож байна. Тухайлбал Францаас Монгол улсад байнга аялдаг жуулчин эмэгтэй ганцаараа тэмээн аялал хийж Хатгалд мөсний баяраар тэмээн аяллаа өндөрлөж чаргаар ачаагаа хөлөглөөд цанаар Ренчинлхүмбэ сум руу аялаж байгаа аж.
Мөн Америкийн жуулчин 2024 онд бүргэдийн баяраар ирсэн бол Монголын өвлийг үзэх гэж зориуд Хөвсгөлийн мөсний баярыг ирж үзэж байна гэлээ. Энэ жил мөсний баярыг анх удаа 10 хоног зохион байгуулж байгаа юм. Энэ тухай мөсний баярыг санаачлагчдын нэг, биологийн ухааны доктор Ж.Оюунмаа ярихдаа “Энэ жилийн мөсний баярын утга учир бол нэг дор олон хүнийг цуглахгүй, даац хэтрүүлэхгүй, жуулчид аялагдаа тараан хуваарилах, нутгийн иргэддээ орлого олох олон талаараа ач холбогдолтой” гэв.
Арван өдөр үргэлжлэх уг наадмын хүрээнд “Хөх цом” яруу найргийн наадмыг зохион байгуулагдаж буй. Яруу найргийн эхний шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс II шатанд оролцох 10 найрагчийн нэрс тодорчээ.











