![](https://i0.wp.com/newswall.mn/wp-content/uploads/2025/02/213.jpg?resize=768%2C399&ssl=1)
1997 оноос эхлэлтэй Тэмээний баяр энэ жил “Түмэн тэмээний баяр 2025” нэртэйгээр 26 дахь удаагаа өргөн дэлгэр сайхан болж /2025.02.01-03/ өндөрлөлөө. Өмнөговь аймгийн Даланзадгад хотод уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн тус баяр нь тэмээн сүргийг өсгөх, хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх, үндэсний өв уламжлалаа сурталчилан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм.
Энэ удаагийн “Түмэн тэмээний баяр 2025″ -д Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Ховд, Хөвсгөл аймгийн 241 сумаас 24 500 гаруй оролцогч, гадаадын улс орнуудын 100 гаруй мэргэжилтэн, жуулчид оролцсон. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат “Түмэн тэмээний баяр 2025”-ыг нээж хэлсэн үгэндээ “Хоногт 4-12 тонн ингэний сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг төр хувийг хэвшлийн хамтын зарчмаар амжилттай байгуулсан. Мөн тэмээний ноос, хонины ноос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Түүнчлэн тэмээний төрөлжсөн эмнэлэг “Тэмээ судлалын төв”-ийг энэ онд ашиглалтад оруулна” хэмээн онцолж байсан юм.
Наадмаар уламжлал болсон “Тэмээтэй сайхан хос”, “Шилмэл буур”, “Шилмэл ингэ” шалгаруулах тэмцээн, “Тэмээн поло” тэмцээний тоглолт, тором, тайлаг тэмээний уралдаанаас гадна “Тэмээчид дуулж байна” дууны уралдаан, “Монгол тэмээ–Тогтвортой хөгжлийн боломж” хэлэлцүүлэг, симфони найрал хөгжмийн тоглолт зэрэг 20 гаруй үйл ажиллагаа зохион байгууллаа.
Мөн таван аймгийн бизнес эрхлэгч 120 гаруй иргэн, 50 гаруй аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээгээ гаргаж, орон нутгийн малчид 78,2 сая төгрөгийн ингэний сүү, цагаан идээ, сийлбэрч, уран хатгамалч 16 урлаачийн уламжлалт гар урлалын 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулж 30 гаруй сая төгрөг, хоол үйлдвэрлэлээр 139 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан хэмээн Өмнөговь аймгийн ХХААГ мэдээлэл өгсөн.
Сонирхуулахад, тус аймаг 2024 онд 148 200 толгой тэмээ тоолуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 8.9 мянга буюу 5.7 хувиар буурчээ. Удаад нь 58 мянган тэмээтэй Дорноговь, 52 500 толгой тэмээтэй Баянхонгор аймаг орсон аж.