Бага, дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгджээ
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураглал, үнэлгээг гаргаж байна. Уг үнэлгээг өнгөрсөн зуны ган, зуншлага, өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны бүрхэц, зузаан болон дараа сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээг ашиглан гаргадаг.
Зуншлагын байдлын 2024 оны 8 дугаар сарын 20-ны үнэлгээгээр Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх, Баян-Өлгий, Завханы зарим сумдын нутгаар гантай болон гандуу байдалтай байв. Мөн 2024-2025 оны өвөл-хаврын бэлчээрийн даацын үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай зарим сумдаар даац олон дахин хэтэрч гарсан.
Хээрийн цасны 1 дүгээр сарын сүүлчийн арав хоногийн хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна. Засгийн Газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын өнөөгийн байдлыг үнэлэхэд 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Зудын эрсдэлийг 2025 оны 1 дүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 гаруй хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 10 орчим хувьд эрсдэлгүй гарав. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар нэн их болон их эрсдэлтэй байхаар байна. 2024 оны 12 дугаар сарын 31-нд гаргасан зудын эрсдэлийн үнэлгээтэй харьцуулбал эрсдэлгүй нутгийн хэмжээ багассан бол бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна.
Эх сурвалж: ЦУОШГ