WorldБайгаль орчинОнцлох

“Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсрол”-ыг хэлэлцэж байна

“Educating for Sustainability Action” буюу “Тогтвортой байдлын төлөөх үйл хэргийн боловсрол” олон улсын хурал Энэтхэгийн Ахмедабад хотод /2025.01.08-11/ боллоо. Тус хурлыг ЮНEСКО, Энэтхэгийн Байгаль орчны мэдээллийн төв ТББ, Дэлхийн байгаль орчны боловсролын сантай хамтран зохион байгуулжээ.

Энэтхэгийн байгаль орчны мэдээллийн төв ТББ нь төрийн байгууллагуудтайгаа хамтарч Тогтвортой хөгжлийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг олгох чиглэлээр ажилладаг, Эко сургууль хөтөлбөр хэрэгжүүлэгч 40 жилийн туршлагатай байгууллага аж.

20 гаруй oрны 500 гаруй оролцогчтой тус хурлаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, дасан зохицох, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд боловсролын үүрэг, хамтын оролцоо, боловсролын хувирган өөрчлөлтийг хэрхэн тодорхойлж хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна. Хуралд байгаль орчин, боловсролын салбарын эрдэмтэн судлаачид, багш нараас гадна Энэтхэгийн хүүхэд залуусын төлөөлөл идэвхитэй оролцож дуу хоолойгоо хүргэж байна.

Манай улсаас “Эко сургууль” ОУ-ын хөтөлбөр хэрэгжүүлэгч Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-аар ахлуулсан Орхон, Говьсүмбэр аймгийн цэцэрлэг, сургуулийн багш нарын төлөөлөл, “Амгалан дэлхий” ТББ, Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайт, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб оролцож байгаа юм.

Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-ийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг “Тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг олон талаас нь харж, өнгөрснөө дүгнэж алдаа оноогоо хэлэлцэж, ирээдүйд хэрхэн урагшлах талаар сонирхолтой лекцүүд сонслоо. Олон улсын судлаачид оролцож байгаа учраас боловсролын бодлогын шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийн боловсролыг бодлогодоо хэрхэн тусгаж, цаашид бодит үйл үйлдэл хийх талаар голлон ярилцаж байна. Тухайлбал, Энэтхэгт жил бүрийн 9 дүгээр сарын хэт халалтаас болж сургуулиуд нь 20-иод хоног завсарладаг болсон байна. Ийм байдлаар 10 жил болоход хүүхдүүдийн боловсрол бүтэн жил тасарч байгаа тухай мэдэгдлээ.

Манай улс ч бас уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан ийм судалгаанд анхаарал хандуулах хэрэгтэйг анзаарч байлаа. Асуудлаа хуралдаад ярилцаад өнгөрөх бус үүнийгээ бодит үйл хэрэг болгоход манлайлал, тэр дундаа залуусын манлайлал ямар чухал болохыг салбар хуралдаанууд харуулж байна” гэлээ.

Энэ удаа тогтвортой хөгжлийн зорилгуудыг (SDG) хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахын тулд дараах асуудлыг голлон хэлэлцэж байна.

  • Мэдлэг: Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг танилцуулах
  • Ур чадвар: Тухайн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн инновациа хуваалцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх.
  • Үнэт зүйлс: Хариуцлагатай хэрэглээг яагаад чухалчлах ёстойг төдийгүй өөрийн үүргээ гүйцэтгэж буй иргэн аж ахуйн нэгжүүдийг танилцуулах.
  • Үйлдэл хийхийг уриалах: Тогтвортой амьдралын хэв маягийг сурталчлах, хамгийн гол нь үйлдэлд уриалах.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close