“Галдан бошгот хаан- 380″ үзэсгэлэн нээгдлээ
Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, цэргийн жанжин Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу олон ажил хийгдэж байгаагийн нэг нь Чингис хаан Үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд нээлтээ хийсэн “Галдан бошгот хаан- 380: Архивын баримтууд” үзэсгэлэн юм.
Тус үзэсгэлэнд Зүүнгар улсын Галдан бошгот хаанаас Оросын Цагаан хаанд илгээсэн захидал, Манжийн эсрэг хийсэн тэмцлийн түүхэнд холбогдох дурсгалууд, Оросын Эртний улсын архивт хадгалагдаж буй XVII зууны Монголын түүхэнд холбогдох баримтууд зэрэг түүхэн ховор нандин үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой.
Чингис хаан Үндэсний музейгээс зохион байгуулж буй үзэсгэлэнгийн нээлтэд Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, түүхийн ухааны доктор С.Цолмон, МУБИС-ийн дэд профессор, Ойрад судлаач Н.Сүхбаатар, Галдан Бошгот хаан” сан ТББ-ын тэргүүн Н.Батболд нар үг хэлж, бусад албаны төлөөлөл оролцож, үнэн түүхэн баримтад тулгуурласан мэдээ баримтыг монголын ард түмэн залуу үедээ танилцуулж, түүхийг зөвөөр ойлгоход маш тустай үзэсгэлэн болж байгааг /2024.12.27/онцолж байлаа.
Галдан Бошгот хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь Манжийн түрэмгийллийн эсрэг шийдвэртэй тэмцэж, манжийн төрөөс явуулж байсан түрэмгийллийн бодлогыг сөрөн зогсох гол хүчийг толгойлж байсан цэргийн гарамгай жанжин төдийгүй хууль цааз, засаг захиргааны шинэчлэлт хийж, монголчуудын эзэмшил нутгийг Дундад Ази,Дорнод Туркестан хүртэл тэлэхийн зэрэгцээ төмөрлөгийн үйлдвэр байгуулж зэр зэвсэг, хуяг дуулга, сэлэм жадыг үлэмж ихээр хийлгэж бэлтгүүлж, галт зэвсгийг монгол нутагт анх удаа үйлдвэрлэж байсан.
Тэрээр Галдан бошгот хаан нь улс төрийн эгзэгтэй үед хаан ширээнд суусан боловч улс орныхоо дотоод улс төр, эдийн засаг, засаг захиргааны оновчтой шинэчлэлт хийж Зүүнгар улсыг байгуулсан гавъяатай Зүүнгар улсад зонховын шашин дэлгэрүүлж, сүм хийд байгуулж, олон ном зохиол орчуулсан шашны зүтгэлтэн байсныг түүх гэрчилдэг.