COP-16 бага хурал Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 16 дугаар бага хурал /COP-16/ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж байна. 2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Монгол Улсын хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллага, хүүхэд залуучууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл тус хуралд чухал ач холбогдол өгч оролцож байгаа билээ.
Энэ удаагийн Талуудын бага хурлын үеэр цөлжилт, ган, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг танилцуулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлд бусад улсуудтай үр ашигтай хэлцэл хийх зорилготойгоор манай улсын төлөөлөгчид ажиллаж байна.
НҮБ-ын суурь конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үеэр дараагийн хурал хүртэлх буюу 2025-2026 оны төсвийг батлах ажлын хэсгийн (budget group) хуралдаан даргалагчаар Монгол улс, тэр дундаа Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөлөл Л.Балчинлувсан сонгогдон, АНУ, Европын холбоо, ОХУ, Япон, Хятад зэрэг томоохон хандивлагч орнууд багтсан бүх бүс нутгийн бүлгийн хурлыг арга хэмжээний турш удирдан ажиллаж байна. Тус төсөв өндөр батлагдах нь 2026 онд COP17-г зохион байгуулах манай орны хувьд чухал ач холбогдолтой юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Монгол улсаас сонгогдсон төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ.