Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.11.25-12.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 84 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус цаг уурын гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороод орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 10:18 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн байранд эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 12:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 12:01-ний өдрийн 14:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын 3 дугаар давхарт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд баригдаж байгаа барилгын гадна дулаалгын хөөс шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 15х20 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн гадна дулаалгын хөөсөнцөр, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 14:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн хүнсний дэлгүүрийн 25х8 метрийн хэмжээтэй байшин, мөн 12х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, агуулах шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 18:33 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 12.01-ний өдрийн 21:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 4х7 метрийн хэмжээтэй цайны газар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Овоот багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 00:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 04:05 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 9х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Цас шаварт суусан: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 320 км-т, сумын төвөөс зүүн зүгт 100 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход Бичигт боомтоос Эрдэнэцагаан сумын төв рүү зорчиж явсан иргэн А-гийн “Соната-6” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан байсныг татан гаргасан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Урт багийн “Баадааны гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 222 км-т, сумын төвөөс баруун зүгт 22 км-т/ Баадааны голын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос тус аймгийн Цагаан-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-гийн “Алион” загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР