Эрүүл мэндFocus

Осол гэмтлийн тархвар зүйн судалгааны тайланг танилцуулав

Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2015 оноос Монгол Улсын хэмжээний осол гэмтлийн тандалтын тогтолцоог бүрдүүлсэн бөгөөд бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудаас осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн мэдээ, үйлчлүүлэгчийн мэдээллийн цахим санг сар бүр хүлээн авч нэгтгэн дүн шинжилгээ хийж, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нотолгоонд суурилсан мэдээллээр ханган ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд тус төвийн Статистик тандалт судалгааны алба 2 жил тутамд “Монгол Улсад бүртгэгдсэн осол гэмтэл, гадны шалтгаант өвчлөл, нас баралтын таван жилийн байдал”-д тархвар зүйн судалгаа хийж ирсэн бөгөөд энэ онд хийгдсэн 4 дэх судалгаа болох “2019-2023 онд бүртгэгдсэн осол гэмтлийн тархвар зүйн судалгаа”-ны үр дүнгийн тайлан танилцуулах өдөрлөгийг ГССҮТ-ийн салбар эмнэлэгт зохион байгууллаа.

Тус өдөрлөгт тархвар зүйн судалгааны үр дүнг танилцуулснаас гадна ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн алба, Статистик тандалт судалгааны албаны судалгааны үр дүнд суурилан осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар танилцуулсан юм.

Өдөрлөгийг ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах нээж үг хэлсэн бөгөөд тус төвийн удирдлагын баг, эмч мэргэжилтнүүд болон ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хууль зүй дотоод хэргийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажилладаг байгууллагууд, мөн осол гэмтлийн мэдээллийн цахим сан бүрдүүлэх, дүн шинжилгээ хийхэд хамтран ажиллаж буй ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын эмнэлгүүд, Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, АШУҮИС-ийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо.

Энэхүү тархвар зүйн судалгаа нь Монгол Улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулахад чиглэсэн эрүүл мэндийн салбарын болон салбар хоорондын хамтын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой гарын авлага юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close