БХЯ

Албандаа үнэнч байгаарай

Төв аймгийн Алтанбулагийн ам Туулын дэнж химичин дайчдын төрөлх анги төдийгүй хугацаат цэргийн алба хаагчид, оюутан цэрэг, шинэхэн ахлагч нарыг “өлгийдөн авч”, ёслолын жагсаалд нь газар эгшиж, уухайн түрлэгт нь лус баярлаж, зорилгодоо хүрсэн залуусын ирээдүй цэлийж, захыг нь мушгиж суусан аав ээжийн магнай нь тэнийдэг ёслол хүндэтгэлийн талбар болоод олон оныг үдэж байна. Түүнээс онцлон өгүүлэхэд, тус ангийн “Ахлагч хөгжлийн төв”-ийг түшиглэн зохион байгуулсан Ахлагч бэлтгэх сургалтыг амжилттай төгссөн цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдад дэд ахлагч цол олгох ёслолын ажиллагаанаас хийсэн сурвалжилгаа толилуулъя.

Мэргэжлийн цэрэгт суурилсан Монголын Зэвсэгт хүчний үндэс суурь, гол цөм болсон ахлагчийн бүрэлдэхүүний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, ажиллах боловсон хүчний эрэлт хэрэгцээг хангах зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулсан энэхүү сургалтад Зэвсэгт хүчний 23 нэгтгэл, ангийн 340 цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч хамрагдаж, амжилттай төгсөөд дэд ахлагч цол хүртэж, Зэвсэгт хүчнийхээ эгнээг ийнхүү өргөтгөлөө. Тийм ч болохоор Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба “Өнөөдөр Монголын Зэвсэгт хүчний хувьд баярын өдөр. Яагаад гэвэл бид шинэхэн ахлагч та бүхнээр эгнээгээ тэллээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн болон тайван цагийн үүргээ гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдал өнөөдөр энэ хэрээр ахиж байна. Сая та нартаа цол гардуулаад зогсож байхад үнэхээр бахархал төрж байлаа. Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын аюулгүй байдалд ямар нэгэн асуудал тулгарахад дүрэмт хувцсаа өмсөөд, зэр зэвсгээ агсаад эх орныхоо төлөө эргэлт буцалтгүй тэмцэж чадах дайчид бол энэ жагсаалд зогсож байгаа залуу ахлагч та бүхэн билээ” хэмээн тодотгож, бахархан өгүүлсэн биз ээ.

Энэ жилийг “Ахлагчийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Ахлагч нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, салбар бүрт “Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” уриан дор ахлагч нараа хөгжүүлэх, албаны онцлог, ажил мэргэжлийг олон нийтэд таниулах, ахлагчийн албаны нэр хүндийг өсгөх, тэдний нийгмийн асуудлыг шийдэх олон хэлбэрийн үйл ажиллагааг хийж хэрэгжүүлж байна.

Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал “Бид өнгөрсөн жил 200 гаруй ахлагчийг “Ахлагч хөгжлийн төв”-өөрөө бэлтгэж төгсгөсөн. Одоо бүгд их сайн ажиллаж байна. Энэ жил ч хугацаат цэргийн алба хаагчдаасаа хүсэл сонирхлынх нь дагуу сонгож, гурван сарын хугацаанд цэргийн ерөнхий бэлтгэлийг бататгаж, мэргэжил эзэмшүүлж, чадамжийн гэрчилгээтэй төгсгөж байгаа бөгөөд жижиг бүлгийн тактикийн сургалтаар алба хаагч нэг бүрийнхээ бэлэн байдлыг хангахад онцгой анхаарч ажиллалаа. Түүнээс гадна цэргийн хүн, ахлагч нар ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжил боловсролын хувьд ямар байх ёстой талаар зааж сургасан нь ахлагч залуусын маань ажил амьдралын их замын эхлэл, суурь болж байна. Нэг жил хугацаат цэргийн албаа хаачихсан, цэргийн амьдралын зах зухыг амталж, халуунд халах, хүйтэнд хөрөх хатуужлыг туулчихсан залуус өнөөдөр мэргэжлийн ахлагч болж байгаа нь асар их үр дүнтэй. Ахлагчийн сургууль төгссөн боловсон хүчин ч, хугацаат цэргийн албанаасаа Ахлагч бэлтгэх сургалтаар төгссөн эдгээр залуус ч жинхэнэ ясны цэргийн хүн болж төлөвшиж байгаа нь өмнөх сургалтын үр дүнгээс харагдаж байна” гэсэн нь ”Ахлагч хөгжлийн төв”-ийн сургалтын чанар хүртээмж, үр дүнг илтгэх нэгэн үзүүлэлт болов уу.

Шинэхэн ахлагчдын зэгсэн хувь нь Тусгай хүчний цэргийн командлалын ангиудад хуваарилагдаж байгаа бөгөөд сурсан мэдсэн цэргийн эрдэм, ур чадвараа хурсан олонд толилуулж буй дайчин залуусынхаа үзүүлэн тоглолтыг командлагч хурандаа Б.Хаш-Эрдэнэ сэтгэл хангалуун харж сууна билээ. Хурандаа нарын хурандаа гэгддэг эрхэм командлагчийн удирдлагад очих залуус мөдхөн тусгай хүчний цэргийн ур чадварыг гайхуулж, даян дэлхийн энхийн үйлсэд хүчээ өргөх цэнхэр дуулгатнууд болон жагсах нь гарцаагүй ээ.

Саяхан үүсэн байгуулагдсаныхаа түүхт 100 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайхан ч Хүндэт харуулын жавхааг нэмж, төрийн торгон цэргийн эгнээг тэлэх шинэхэн ахлагч нараа хүлээж авахаар ирсэн байлаа. Дэд ахлагч С.Жамсран тэдний нэг. Тэрбээр тус ангийн Хүндэт харуулын тусгай ротод хугацаат цэргийн алба хаасандаа, төрийн ёслол хүндэтгэл шингэсэн энэ сайхан ангидаа үргэлжлүүлэн ажиллах болсондоо маш их баяртай байгаагаа юуны өмнө өгүүлсэн юм. Мөн жилийн 365 хоногийн турш алба хаахдаа амьдралын үнэнч сайхан андууд онжавуудтай болсон. Идэх талхаа хувааж, оройн тоондоо жигдэрч, шөнийн нойр, өглөөний жаврыг хамтдаа эдэлж туулсан болохоор насан турш үргэлжлэх их нөхөрлөлийнхөө шавыг тавилаа. Ахлагчийн албандаа сайн ажиллана, эн тэргүүнд энхийг дэмжих ажиллагаанд явна, болбол бүр хоёр, гурван ч удаа явна хэмээн ойр хэтийн зорилго, төлөвлөгөөгөө хуваалцсан юм.

Манай төрлийн цэргийн командлалууд мэргэжилтэй, чин сэтгэлтэй, дур сонирхолтой ахлагч залуусаар эгнээгээ тэлэх сонирхолтой байдаг. Зэвсэгт хүчний маань дийлэнх хэсгийг эзэлдэг ахлагч нар эрдэм судлал, судалгаа шинжилгээнд оюунаа сорьж, агаарын хилийн харуулд нүд цавчилгүй, сэрэмж алдалгүй жагсаж, бүтээн байгуулалтад ур чадвараа гайхуулж, энхийг сахиулах үйлсэд эр зоригоороо бахдуулж, спортын талбарт авхаалж самбаа, хурд хүчээрээ өрсөлдөж, урлагийн тайзнаа авьяас билгээрээ гайхагддаг.

“Батлан хамгаалахын зогсдоггүй цаг, байлдагч залуусын зөрчдөггүй дүрэм” гэж нэгэнтээ ахлагчийн тухай тэмдэглэлээс харж байсан сан. Үнэхээр ачааны тэнг татаж, асуудлын тунг тааруулж, байлдагчдыг дүү шигээ халамжилж, офицерууддаа түшиг тулгуур болж ахлагч нар даруухан хөдөлмөрлөж, эгэлхэн амьдарч явна. Тэд ид хавтай залуусаар хүрээгээ тэлж, мөрдэс гоёсон бүсгүйчүүдээр жавхаагаа нэмж байна. Тэд жанжин даргынхаа захисанчлан өөрийгөө хором бүр хөгжүүлж, аминчлан хэлсэнчлэн албандаа хайртай байх болно. Ингэж л бид мэргэжлийн цэрэгт суурилсан хүчирхэг Зэвсэгт хүчинтэй болно.

Жагсаалын талбайд эгнэн жагссан ахлагч нараас Т.Анхбаяр хүүгээ ялган олж харж чадаагүй ч бүгдийг зээ хүү шигээ санаж, ерөөлийн үгээ шившин суугаа М.Баянжав эмээ энэ хоромд насаараа Зэвсэгт хүчиндээ алба хаасан хурандаа ханиа үгүйлж, залгамж халаа болсон хүүгээ өдгөө тэнгэрээс хараад ивээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байлаа. Түүний зээ хүү Т.Анхбаяр дунд сургуулиа төгсөнгүүтээ ангийн найз нартайгаа цэрэгт явж, Зэвсэгт хүчний 013 дугаар ангид албаа хаажээ. Гурван хүүгийнхээ дундхыг цэрэгт дургүйхэн үдэж, уйлаад зогсож байсан ээж нь харин өнөөдөр ахлагч болж, улиран ажиллахаар шийдсэн хүүгээрээ бахархаад баярын нулимсаа нуусангүй ээ.

Эгнэн жагссан ахлагч нарын дунд дөрвөн эмэгтэй байх нь нүднээ содон туслаа. “Ахлагч хөгжлийн төв”-ийн ахлагч бэлтгэх сургалтыг энэ удаа М.Анужин нарын дөрвөн бүсгүй амжилттай төгсжээ. 18-хан настай алаг нүдэн бүсгүй М.Анужинтай хэдэн үг соливол, Зэвсэгт хүчний 120 дугаар ангид хорь гаруй жил ажиллаж яваа ахлах ахлагч н.Мөнхзориг аавынхаа үйлсийг үргэлжлүүлж, багаасаа мөрөөдөж явсан цэргийн албандаа орох замаа засаж ийнхүү суралцаад цол, гэрчилгээгээ гардаж авах агшиндаа “Үнэхээр чадлаа” гэж өөрийн эрхгүй дотроо “хашхирсан” гэсэн. Эмэгтэй гээд аливаад хөнгөлөлт эдэлдэггүй, сайшаал шийтгэлийн алиныг ч адилхан хүртэх амаргүй тавилан ч гэлээ мөрдэстэй бүсгүй болж, жагсаалын чимэг болон алхах эрхэмсэг нэгэн заяаг тэр өөрөө сонгожээ. Харин айлын ууган охин болж, гурван дүүгээ үлгэрлэж явах тавиланг оноосон, басхүү хүссэн ажил мэргэжилд нь зүглүүлж өгсөн аав ээждээ баярлалаа, хайртай шүү гэх чин сэтгэлийн үгээ сонины хуудсаар маань захидал болгон дайсан юм.

Энэ зуур олны дундуур зүсэж, жагсаалын талбайн хойморт суугаа ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямбыг нэгэн хүү зорьсон нь Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн дэд ахлагч А.Амарбаярын дүү байлаа. Шинэ ахлагч нараа хараад огшиж суусан Жанжин дарга маань өөрт нь ёсолсон “ирээдүйн генерал”-ыг өхөөрдөн патиараа татууллаа. Өнөөдрийн “бяцхан байлдагч”, ирээдүйн эх орны цэрэг хүүгийн маань ууган ах ийнхүү ахлагч болж, Зэвсэгт хүчинд улирч байгаа бол аав нь Халхын голд Хилийн цэргийн … дугаар ангид алба хаасан ажээ. Өдгөө дөрвөн хүүхдийн аав тэрбээр өөрийн цэрэг хувцсаа бага хүүдээ тааруулан багасгаж, өнөөдөр зориуд өмсгөж ирсэн нь энэ ажээ.

Хажууханд эмээтэйгээ видео чат хийж, Ховдын цэнхэр хязгаарт байгаа элгэн садантайгаа цахимаар уулзан инээмсэглэж зогсоо дэд ахлагч Ч.Алтангэрэлтэй түрхэн зуур хөөрөлдлөө. Ард явахдаа нэг л зүйлийг зориод, амьдралдаа нэгэн чухал алхам хийх ёстой юм шиг санагдаад, нэг л дутуу мэдрэмжтэй явдаг байсан нь цэрэгт ирснээр ханаж, зөв алхам хийснээ мэдэрсэн гэж хэвлүүхэн өгүүлэх тэрбээр Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид алба хаасан бөгөөд ангидаа улирахаар шийджээ. Ингэж түүний ажил, амьдралын гараа эх орныхоо баруун хязгаар нутгаас эхлэх нь тодорхой боллоо. Хар багаас нь бөөцийлж өсгөсөн Д.Бадам эмээ хүүгээ цэргээс халагдахад нь авахаар иртэл ахлагчийн албанд улирахаар шийдсэнээ хэлж сюрприз барьжээ. Хүний ганц, зээ хүүгийнх нь мэдээ гэнэтийнх байсан ч хоёрын хоёр хүүгээ Зэвсэгт хүчинд алба хаахад нь сэтгэлээ дэвсэж, ерөөлөө өргөж ирсэн эмээд нь харин ч таатай санагджээ. Өөрөөс нь тэртээ өндөр тэнгэр баганадсан зээ хүүгээ татаж ирээд л, “Эх орны хүү болжээ, миний хүү” гээд нүдэндээ нулимстай үнсэж байна лээ.

Хугацаат цэргийн алба хаасан залууст таатай завшаан, аятай нөхцөл байдаг нь ахлагчийн албанд улирч ажиллах боломж юм. Мөр зэрэгцэн алба хаасан олон залуус энэ боломжийг алдалгүй ахлагчийн албанд улирч, өнөөдөр үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Тэд офицер, ахлагч нараасаа ихийг сурч, цэргийн өндөр мэдлэгтэй, тактик боловсруулахдаа гаргуун, тэсвэр хатуужил, эр зоригтой, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй нэгэн болж төлөвшихийг хором бүр хичээцгээж байна. Монголын Зэвсэгт хүчний ахлагч нарын эгнээ ийнхүү өргөжин тэлж, өнгөжин жавхаажсаар л…

Д.ГҮНЖИЛМАА

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close