“Солонго” сэтгүүлийн 25 жилийн ой тохиолоо


ӨМӨЗО-ны “Өдрийн сонин”-ы хорооноос эрхлэн, Монгол Улсын уншигчдад зориулж монгол хэл, кирилл бичгээр гаргадаг, улсын зэрэглэлийн, сар тутмын “Солонго” сэтгүүл өнөөдөр 25 жилийн түүхт ойтойгоо золгож байна. Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Хятадын Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын өдрүүд”-ийн хэвлэл мэдээллийн салбарт хамаарах нэг онцлог хөтөлбөр нь тус сэтгүүлийн ойг ёслон тэмдэглэхэд чиглэжээ.

“Солонго” мэдээллийн төвийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Өвөр Монголын “Өдрийн сонин”-ы хороо, тус сэтгүүлийг эрхлэн гаргадаг удирдлагууд болон сэтгүүлч уран бүтээлчид хамтран 25 жилийн ойн монгол дахь ёслолыг 09-р сарын сарын 05-ны өдөр “Сэтгүүлчдийн форум, уншигчдын уулзалт” хэлбэрээр, манай улсын мэргэжил нэгтэн сэтгүүлчид, эл салбарт хамтран ажилладаг түншүүдтэйгээ хамтран тэмдэглэсэн юм.

Сэтгүүлийн ерөнхий найруулагч, хатагтай Л.Наранхүү “Солонго” сэтгүүл өнгөрсөн 25 жилд 290 бие даасан дугаар гаргаж, 250 мянган хувь хэвлэгдсэн нь 25 сая гаруй үсгийн тэмдэгт бүхий мэдээллийн сан бүтээснийг дурдаад, 25 жилийн ойд зориулсан энэхүү гурав дахь удаагийн, сэтгүүлчдийн форум нь хоёр орны сэтгүүлчдийн нөхөрсөг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж байгааг онцлон дурдлаа.

1993 онд анхны дугаараа монголын уншигчдад хүртээж байсан тус сэтгүүл өнгөрсөн хугацаанд 1993-2000, 2001-2010, 2010 оноос одоо хүртэл гэсэн хөгжлийн тодорхой гурван үе шатыг туулж, нийтлэлийн бодлого, түгээлтийн арга хэлбэр, технологийн хурд зэргээрээ өнөөгийн дэвшилд хүрч, зөвхөн сэтгүүл төдийгүй цахим сайт, сонин бүхий “Солонго” мэдээллийн иж бүрэн төв болтлоо өргөжин хөгжсөн байна. Өнөөгийн байдлаар тус сэтгүүлийг цаасан хэвлэлтээр нь сар тутам хүлээн авахаас гадна дижитал хэлбэрээр гар утас, таблет зэрэг цахим хэрэгслээр хэзээ, хаанаас ч шуурхай хүлээн авч унших боломжийг бүрдүүлжээ. Зөвхөн текстээс гадна дуу дүрсний хэлбэрээр мэдээллээ баяжуулж, нийтлэлдээ мэдээллийг голлох уламжлалаас гадна соёлын ач холбогдлыг ихээхэн анхаардаг болжээ.

“Солонго” мэдээллийн төв 2014 онд Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа нээсэн байна.Тус газраас нийслэлийн ЕБС-ийн сурагчдын дунд “Миний мэдэх хөрш орон” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг монгол, хятад хэлээр зарласнаа энэ өдөр дүгнэж, шилдгүүдээ шагнаж урамшуулсан бол мөн энэ онд Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын шийдвэрээр тус сэтгүүлийг Монгол Улсын оюуны өмчөөр бүртгэн 9937 тоот гэрчилгээ олгосныг ойн үеэр гардуулсан юм.
Б.Элбэгзаяа



