7 хоногУрлаг спорт

Хятадын Өвөр монголын соёлын өдрүүдийг албан ёсоор нээлээ

Хятад орныг танин мэдэх Хятадын Өвөр монголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг нээх албан ёслол лхагва гарагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд боллоо. Уг өдрүүдийн Ерөнхий зохион байгуулагч нь Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хятадын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Монгол Улсын БСШУСЯ бол хамтран зохион байгуулагчаар ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Хятадын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын гадаад хэргийн алба, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, МСНЭ, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв зэрэг байгууллага ажиллаж байгаа юм.

Соёлын өдрүүдийг нээх ёслолд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Лин Ли, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нарын зэрэг албаны хүмүүс оролцож, соёл аялал жуулчлалын өдрүүдийн цар хүрээ, ач холбогдол, хятад-монгол хөрш орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийн талаар үг хэлсэн юм.

Нээлтийн ёслолын дараа Уран зургийн галерейн гуравдугаар давхарт гаргасан үзэсгэлэн сурталчилгаа олны анхаарлыг зүй ёсоор татаж байлаа. Энд, Хятад орны ядуурлаас ангижирсан амжилт, туршлагыг таниулсан “Сайн сайхан амьдралыг хөөцөлдөхүй”, соёлын инновацын шилэгдмэл бүтээгдэхүүнээс дээжилсэн “Инновац ирээдүйд хөтөлнө”, монгол уламжлалт анагаах ухаан эм бэлдмэлийн соёлыг харуулсан “Хүн байгаль эв зохицон аж төрөхүй”, уламжлалт ээрмэл, будмал, сүлжмэл, хатгамлын чиглэлээр “Үзэсгэлэнт сайхан Хятад орныг зураглая” хэмээх үзэсгэлэнгүүд, түүнчлэн тус галерейн хоёрдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд “Хятадын Өвөр монголын байгалийн үзэмж” гэрэл зургийн үзэсгэлэнг тус тус дэлгэсэн байлаа.

Эдгээрийн дотор, хятад улсын бүрэлдэхүүн дэх 56 үндэстний үндэсний хувцасны үзүүлэн болон тодорхой үндэстэн угсаатны соёлын биет бус өв болсон хатгамал, сүлжмэл, бүтээгдэхүүн, гар аргаар бөс буюу хэмэрлэг нэхэх бодит үзүүлбэр, монгол анагаах ухааны “Лхантав” буюу “Рашааны зүрхэн найман гишүүт нууц увдисын үндэс” зэрэг халх болон өвөрлөгч барын судар шастирууд зэрэг нь өвөрмөц байж, олны анхаарлыг гойд татаж байлаа. Нэр дурдсан үзэсгэлэнгүүд, монгол эмч нарын үзлэг оношилгоо энэ сарын наймны өдрийг дуустал бүтэн өдрийн турш нээлттэй, үнэ төлбөргүй байх юм.

Б.Элбэгзаяа

Холбоотой мэдээ

Leave a Reply

Back to top button
Close