Хятадын кино өдрүүд эхэллээ

Хятад орныг танин мэдэх Хятадын Өвөр Монголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн хамгийн эхний хөтөлбөр нь “Хятадын кино өдрүүд” юм. Кино өдрүүдийн нээлтийн ёслол энэ мягмар гаргийн үдэш нийслэлийн “Тэнгис” кино театрт болж, уг өдрүүдийг зохион байгуулагч Хятад, ӨМӨЗО-ы албаны хүмүүс, тус орны киноны товчооны болон Монгол Улсын БСШУСЯ-ны удирдлагууд, киноны салбарын төлөөллүүд оролцлоо.
Нээлтийн ёслолын үеэр “Хятад-монгол кино орчуулгын төв”-ийг албан ёсоор нээх ёслол давхар болсон нь онцлог байлаа. Сүүлийн үед монголын кино урлагийн салбарынхан ах дүү Өвөр Монгол, Хятадын мэргэжил нэгтнүүдтэй хамтын амжиллагаагаа хөгжүүлэхэд нэлээд анхаарч, энэ талаар ахиц гарч байгаа ажээ. Тухайлбал, 2018 оны 07-р сарын 04-нөөс эхлэн Монгол Улсаас МҮОНТВ, “С1”, “25-р суваг” зэрэг телевизийн орчуулгын киноны дуу оруулагч нэр бүхий жүжигчид БНХАУ-д ажиллаж, хятадын уран сайхны таван ч кинонд орчуулгын дуу оруулж “ам барих” туршлага хийсэн нь амжилттай болжээ.

Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн кино хөтөлбөрийг эхлүүлж хятадын уран сайхны “Их Шанхай” уран сайхны киног энэ үдэш үзэгчдийн хүртээл болгосон юм. Уг кинонд, XX зууны 10-40-өөд он хүртэлх Шанхай хотын аж амьдрал, Японоос Шанхайд довтолсон дайн самууны явдал, тухайн цаг үеийн хятадын нийгэм улс төр, нөлөө бүхий хөрөнгөтөн, удирдагчийн амьдралыг харуулсан байна. Хятадын кино өдрүүд энэ сарын наймныг хүртэл нийслэлийн “Тэнгис”, “Юнрэв”, “ICINEMA”, “Өргөө”, “Гэгээнтэн”, “Black box” зэрэг кино театруудад үргэлжлэн арав орчим уран сайхны киног монголын үзэгчдэд эх хэлээр нь толилуулах юм.
“Тэнгис” кино театрт л гэхэд 09-р сарын 04-нд 20 цагаас “Бээжин Сиэтлийн хайр”, 05-нд 19 цагаас “Тансан ламын үлгэр”, 21.30 цагаас “Надтай гэрлээч”, 06-нд 19 цагаас “Багштан”, 21.30 цагаас “Их хотын хайр”, 07-нд 15 цагаас “Шулам дарсан үлгэр”, 19 цагаас “Хайр нэхсэн зүүд”, 08-нд 15 цагаас “Шидэд бийрт зураач хүү”, 19 цагаас “Хүн загас” киног тус тус үзүүлж байна.

Б.Элбэгзаяа



