НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн санхүүжилтээр зудад өртсөн малчдад 1,5 сая ам.долларын тусламж хүргэжээ.
Монгол оронд өнгөрсөн өвөл, хаврыг дамнасан зудын гамшигт өртсөн малчид, тэдний гэр бүлд НҮБ-аас хэд хэдэн төрлийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсэн. Эл үйл ажиллагааг 23 баримтаар тоймлон хүргэж байна.
- Монгол оронд 2023-2024 оны өвөл, хаврыг дамнан сүүлийн 50 жилд тохиогоогүй зудын гамшиг болсон. Монгол Улсын нийт хүн амын 19 орчим хувь нь буюу 189,2 мянга нь жилийн дөрвөн улиралд мал маллаж амьдардаг бөгөөд тэдний амьжиргааны эх үүсвэр нь малын ашиг шим байдаг. 2023 онд 64,6 сая толгой мал тоологдсон гэж статистик мэдээлэлд дурджээ.
2. Гэвч өнгөрөгч өвөл, хаврын зудад долоон сая гаруй мал хорогдож, 4800 малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдсан гэж 2024 оны дөрөвдүгээр сард гарсан Засгийн газрын мэдээлэлд эшилсэн байна.
3. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас амьжиргааны эх үүсвэр, амьдралын баталгаа, үндсэн хөрөнгө болсон мал сүргээ алдаж бие махбод болон сэтгэл зүйгээрээ хүнд нөхцөл байдлыг даван туулж байгаа малчид, тэдгээрийн гэр бүлд НҮБ-аас тусламж үзүүлж эхэлсэн юм.
4. Монгол Улс 1961 онд ес дэх удаагийн өргөдлөөрөө НҮБ-д элсэж байсан түүхтэй. Тийнхүү олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн болж тухайн цаг үеэс эхлэн НҮБ-ын тусламж дэмжлэгийг авсаар ирсэн бөгөөд 2001, 2010 онд зудын гамшигт нэрвэгдсэн малчдыг зудын гамшгийг даван туулахад тус нэмэр болох хандивын санаачилгыг тус байгууллага голчилж байсан билээ. Энэ удаад ч зудын гамшигт өртсөн малчин гэр бүл бүрд ямар нэгэн байдлаар тэдний тусламж дэмжлэг хүрсэн юм.
НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн санхүүжилтээр зудад өртсөн малчид, тэдгээрийн гэр бүлд 1,5 сая ам.долларын тусламж хүргэжээ.
5. НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас монгол малчид зудын гамшиг, хүндрэлийг даван туулахад 1,5 сая ам.долларын тусламж үзүүлэхээр нарийвчлан төлөвлөж, салбар байгууллагууд болох Хүн амын сан, Хүүхдийн сан, ХХААБ-аар дамжуулан зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс дахь НҮБ-аас малчдад туслах, тэр тусмаа малчин эмэгтэйчүүд, хүүхдийг дэмжих төсөл бичиж дэмжүүлж чадсаны учир энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсан гэсэн үг.
6. НҮБ-аас зудын гамшигт өртсөн малчдад туслахын тулд 2023 оны 10 дугаар сараас 2024 оны тавдугаар сарыг хүртэл зудад өртсөн малчдын судалгааг нарийвчлан гаргасан. Ингэхдээ малчин өрхүүдээр явж нөхцөл байдалтай танилцжээ.
НҮБ-ын Хүн амын сан
7. Малчин эмэгтэйчүүд, охидын эрүүл мэнд, бэлгийн боловсрол болон санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх зорилгоор 300 мянган ам.долларын хөрөнгө босгосноо зорилтот бүлэгт нь зарцуулжээ.
8. Охид, эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралд салшгүй хэрэгцээтэй эд зүйлсээс бүрдсэн ариун цэвэр, эрүүл ахуйн 4000 багцыг зудын гамшигт өртсөн орон нутгийн сургуулийн дотуур байрны сурагч, малчин эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэсэн.
НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж хүлээж авсан малчин эмэгтэйн сэтгэгдэл
9. Онцгой байдал, гамшгийн нөхцөлд охид эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох мэдээллийн хуудсууд мөн шаардлагатай бүлэгт хүрсэн.
10. Сумын эмч, ажилтнуудыг чадавхжуулж зудад өртсөн охид, эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд бэлтгэж, охид, эмэгтэйчүүдэд зориулан сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах “Аюулгүй орчин”-уудыг орон нутагт бий болгожээ.
НҮБ-ын Хүүхдийн сан
11. Зудын гамшигт малчид өртөөд зогсохгүй тэдний хүүхдүүд боловсрол, эрүүл мэнд, сэтгэл санааны хямрал, хоол тэжээлийн дутагдал зэрэг олон төрлийн хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Тус сангаас 500 мянган ам.долларыг тэдгээр хүүхдийн төлөө зарцуулсан байна.
12. Энэ хугацаанд 6700 хүүхдэд олон төрлийн хүнсний нэмэлт тэжээл олгож, 3300 гаруй жирэмсэн болон хөхүүл эхэд хүнсний нэмэлт тэжээл өгчээ.
13. 2000 гаруй хүүхдийн суралцах боломжийг дэмжиж сургалтын хэрэгсэл өгч, гамшиг, онцгой байдлын үед хүүхэд хамгааллын ажлуудыг хэрэгжүүлэн 3000 гаруй хүүхдэд нийгэм сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлжээ.
14. Алслагдсан малчдын гэр бүлд хүрч очин явуулын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, орон нутгийн хүүхэд хамгааллын чиг үүрэг бүхий багуудтай хамтран хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх ажлыг зохион байгуулсан байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага
15. Арван таван аймгийн 108 сумын 2464 малчин өрхөд манай улсын цалингийн доод хэмжээтэй тэнцэх буюу 660 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг хоёр удаа олгожээ. Эхний удаагийн тусламжийг НҮБ-ын ХХААБ-ын Онцгой байдал, сэргээн босголтын тусгай сангийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний эх үүсвэрээс санхүүжүүлсэн байна. Эл тусламжийг авсан малчид “Өөрсдөдөө хүнсний зүйл, малдаа өвс тэжээл худалдаж авсан. Бэлэн мөнгөний тусламж үнэхээр хэрэгтэй байсан” гэж ярьж байсан билээ.
- Мөн хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх 3.3 сая тун вакциныг Мал, Эмнэлэгийн Ерөнхий Газарт хүлээлгэн өгсөн байна.
Завхан аймагт хүрсэн тусламжийн үр дүнд хяналт шинжилгээ хийх үеэр орон нутгийн малчидтай уулзлаа.
17. Малчдыг чадавхжуулах, тэдний уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхэд 500 мянган ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн байна.
18. Ийнхүү зудын гамшигт нэрвэгдэж эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол амссан 12 мянга гаруй малчин, тэдгээрийн гэр бүл НҮБ-ын Онцгой байдлын сангаас санхүүжүүлсэн төрөл бүрийн хүмүүнлэгийн тусламжийг хүртлээ.
19. Хүн амын сангийнхан онцгой байдлын байгууллагатай хамтран зургаадугаар сард говийн бүсэд ажиллаж Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12 сумын зудын гамшигт өртсөн малчин эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг хүргэв.
20. Хүн амын сан, Хүүхдийн сан, Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын төлөөлөл долоо болон наймдугаар сард Завхан, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр, Дундговь, Архангай, Төв аймгийн 30 суманд ажиллаж хүмүүнлэгийн тусламжийн үр дүнг хянах ажлаа биечлэн зохион байгуулж, малчидтай уулзан, тусламжийн дараах үнэлгээ, зудын хариу арга хэмжээний үр нөлөө болон малчдын амьжиргааг нөхөн сэргээх хэрэгцээ, шаардлагын судалгаа хийв.
21. Зудад хохирол амсаж бэрхшээлийг даван туулсан малчид ирэх жилийн эрсдэлийг тооцож хадлан тэжээлээ бэлтгэх, хашаа хороогоо дулаалж, сайжруулах зэрэгт бүхий л нөөц бололцоогоо дайчилна гэж ярьж байлаа.
Малчдад хүргэсэн тусламжийн үр дүнд хяналт шинжилгээ хийх үеэр сум, орон нутгийн удирдлагуудтай уулзав.
22. Бидний амьдарч буй дэлхий өөрчлөгдөж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшиг осол, байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдийн давтамж нэмэгдэж буй нь эрс тэс уур амьсгалтай монгол оронд жилийн дөрвөн улиралд бэлчээрийн мал аж ахуй эрхлэн аж төрдөг малчдад сорилт бэрхшээлийг авчирч, тэсэж гарах, даван туулах чадамж хэрэгтэй болж байна.
23. НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра “Монголын малчдыг уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад сургаж, зөвлөж, чадавхжуулах хэрэгтэй. Цаашдаа малчид шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуулан өвөл, хаврыг өнтэй давах аргуудыг эрэлхийлээсэй” гэж онцолж байсан билээ.