ХЭҮКОнцлохШинэ мэдээ

Сүүлийн 4 жилийн хугацаанд 18 наснаас доош насны 1040 гэмтэж бэртсэн байна

ХЭҮК-оос хүүхдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор цахилгаан скүүтэр болон цахилгаан дугуй (суррон)-тай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгүй болгох, энэ төрлийн тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтыг сайжруулах, техникийн үзүүлэлт, ангиллын стандартыг боловсруулж тодорхой болгох, жолоодох насны хязгаар тогтоох эсэх, хариуцлага, даатгалын асуудлыг шийдвэрлэх , автозамын чанар, зориулалт олон улсын стандартад нийцэж буй эсэх, механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх курсийн сургалтын чанар, төгсөгчдийн ур чадвар, мэдлэг, харуицлагыг дээшлүүлэх шаардлага зэрэг асуудлаар эрх бүхий төрийн байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай санал солилцох дугуй ширээний уулзалтыг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

ХЭҮК-т холбогдох албанаас ирүүлсэн тоон мэдээллээр, сүүлийн 4 жилийн хугацаанд 5,546 хүн гэмтэж бэртсэнээс 1040 нь 18 наснаас доош насны хүүхэд байна. Үүнээс 650 хүүхэд өөрөө унаж гэмтэж, бэртсэн үзүүлэлттэй байгаа нь жолоодох ур чадвар, замын нөхцөл, чанартай холбоотой гэж үзэхээр байна.

Монгол Улсад 2021 оноос 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нийт 8,637 ширхэг цахилгаан дугуй, суррон импортлосон гэх мэдээлэл байгаа бөгөөд ямар үйлдвэрийн, ямар хүчин чадалтай, техникийн үзүүлэлттэй гэдэг талаар судалгаа, мэдээлэл байхгүй байна.

Сүүлийн жилүүдэд цахилгаан скүүтэр болон сурронтой холбоотой зам тээврийн ослын тоо тогтмол өсөж байгааг харуулж байна. Тухайлбал, 2021 онд 210 хүүхэд, 2022 онд 232, 2023 онд 317 хүүхэд гэмтсэн бол 2024 оны 07 дугаар сарын 31-ний байдлаар 281 хүүхэд ямар нэг гэмтэл бэртэл авсан гэх тоон баримтыг ГССҮТ-өөс гаргасан.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийслэлийн хэмжээнд хүүхдийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэх, хүүхдийг орон нутгийн замд тээвэрлэхдээ суудлын бүс зүүлгэх, зориулалтын суудалд суулгасан эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд скүүтэрийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг 3 байгууллагад хүүхдийн эрхийг хангах чиглэлээр зөвлөмж хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө. Мөн цахилгаан скүүтэр болон цахилгаан дугуй (суррон)-тай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүйн улмаас зам тээврийн осолд өртөж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд материалд хохирол учруулах эрсдэл нэмэгдэж байгаа учир сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын малгай бүхий хүн унах зохицуулалт хийх санал гаргасан. Цаашид түрээсийн үйлчилгээ эрхлэх байгууллагуудтай хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хамтран ажиллах, Тээврийн цагдаагийн албанаас хяналтыг сайжруулж, хүүхэд унаж байгаа тохиолдлыг шалгаж, эцэг, эхтэй нь хариуцлага тооцох, түрээсийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын үйлчилгээний гэрээний нөхцөлийг сайжруулж, хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөний нэгдүгээр эгнээг дугуй, мопед, скүүтэр зорчих боломжоор хангах асуудлыг судлах шаардлагатай гэлээ.

ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвөөс жолооны курс төгсөгчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор автозамын онолын шалгалтыг бүрэн цахимжуулж, шалгалтыг хүлээлгийн танхим дахь дэлгэцээр шууд дамжуулдаг болсон талаар танилцуулж, дэлхийн зарим улс орны жишгээр 18-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулсны үндсэн дээр суррон унах зөвшөөрөл олгох тухай санал гаргасан гэв.

Тээврийн цагдаагийн албанаас “Цахилгаан скүүтер болон сурронтай холбоотой 2022 онд 17, 2023 онд 70, 2024 онд 119 удаагийн осол бүртгэгдсэн. Судалгаагаар нийслэлийн хэмжээнд 4500-5000 хүн өдөр тутамдаа скүүтэр ашиглаж байна. Иргэдийн хувьд техникийн ялгааг таньж мэдэхгүй байна.

Сурроныг мэргэжлийг тамирчдад зориулж бүтээсэн. Дээд хурд нь 120 км/цаг. Харин цахилгаан скүүтэр нь 50 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай. Нидерланд, Ирланд, Грек, Франц, Канад, Индонез, БНХАУ зэрэг улс орнууд замын хөдөлгөөнд оролцуулахыг бүрэн хориглосон.

Тиймээс дээрх төрлийн тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд оролцуулахын тулд бүртгэлийн дугаар, гэрчилгээ олгох, түрээслэгч байгууллагуудад зөвшөөрөл олгох, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тохиолдолд хөдөлгөөнийг хязгаарлах, цахим бүртгэл нэвтрүүлэх, замын хөдөлгөөнд оролцох мэдлэг, дадлыг хүүхдүүдэд бага наснаас нь олгох, сургалт, нөлөөллийн ажлыг эрчимтэй өрнүүлэх, явган хүн болон унадаг дугуйн замыг тусгаарлах зэрэг арга хэмжээ авах шаардлагатайг санал болгов.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газраас хүүхдийг автомашинд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, хамгаалах бүс зүүлгэх, мотоцикл, цахилгаан скүүтэр, сурроны ард тээвэрлэхгүй байхыг иргэдэд уриалж, мэдээлэл хүргүүлэх зэргээр хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа талаар танилцууллаа.

Харин Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах 120 сургагч бэлтгэсэн, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Хүүхэд хамгааллын 108 дугаарт 2024 оны хагас жилд 54 мянга гаруй дуудлага, мэдээлэл ирснээс зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлаас үүдэж хүүхдийн эрх зөрчигдөж байна гэх 11 дуудлага ирсэн гэв.

Тухайлбал, 2024 онд 56 хүүхэд цахилгаан скүүтэр, сурронтой холбоотой осолд өртөж, гэмтсэн гэх тоог ГССҮТ-өөс өгсөн. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа учир эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарын хариуцлагын асуудлыг дээшлүүлэх ёстой гэлээ.

Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс 2020 онд 48 иргэн тусламж үйлчилгээ авсан бол 2023 онд 273 болж өссөн. Энэ оны байдлаар 178 иргэн тусламж үйлчилгээ авсан. Эмчилгээ авсан иргэдийн 80 орчим хувь нь дээрх төрлийн төхөөрөмжөөс унаж, гэмтсэн бол автомашинтай мөргөлдсөн, явган зорчигч мөргүүлж гэмтсэн тохиолдол цөөнгүй хувийг эзэлж байна.

Насны ангиллын хувьд 10-18 насны хүүхэд 60 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт гэмтлийн 18 хувийг тархи, 26 хувийг тохой, шуу, 18 хувийг өвдөг, шилбэний гэмтэл эзэлж байна. Осолд ихэвчлэн бага насны хүүхэд өртөж байгаа учир энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцах мэдлэг, мэдээллийг иргэд олгох, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэдэг санал гаргалаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2015 оны хамтарсан тушаалаар тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмыг баталсан. Дээрх журмын дагуу хяналт, үнэлгээ хийдэг. Цахилгаан скүүтэр, сурронтой холбоотой осол, гэмтлийг бууруулах чиглэлд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэдлэг, ойлголт өгөх сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Сургалт, үнэлгээ, судалгааны институци мэдээлсэн.

Харин Жолоочийн мэргэжлийн зөвлөлөөс жолоочоор бэлтгэгдэж байгаа иргэдийн ухамсрыг дээшлүүлэх шаардлага тулгамдаж байгааг онцоллоо. Тухайлбал, жолоочоор бэлтгэгдэхээр ирж буй иргэдийн олонх нь жолооны дүрмийн мэдлэг хангалтгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ойлголтыг ухамсарлаагүй байдаг. Жолооны мэргэшсэн багш нараар Ерөнхий боловсролын сургуулийн сургагчдад замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлын талаарх сургалтыг сургалт оруулснаар бага наснаасаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ухамсарладаг болно гэдэг саналыг хэлсэн.

Цахилгаан дугуй, сурронтой холбоотой тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсоны дараа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх курсийн сургалтын чанар, төгсөгчдийн ур чадвар, мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх шаардлагын талаар талууд харилцан мэдээлэл хуваалцлаа.

Жолооч бэлтгэх хөтөлбөр боловсруулах ажил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам хариуцан ажиллаж байгаа ч удаашралтай байгаад талууд шүүмжлэлтэй хандсан.

Түүнчлэн жолооны үнэмлэх сэргээнэ, шинээр гаргаж өгнө гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан даруйд шалгалт хийхэд 160 удаагийн үйлдлээр бусдыг залилсан гэмт хэрэг болох нь тогтоогдсон, жолооны дүрмийн шалгалт авч буй албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх чиглэлд урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол авч хэрэгжүүлж байгааг гэдгийг ЦЕГ-аас мэдээллээ.

Дугуй ширээний уулзалтад оролцогчид нэн тэргүүнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг талаарх мэдлэг, ойлголтыг бага наснаас олгох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм.

Мөн цахилгаан дугуй, суррон, дугуйн замын явган хүний замаас тусгаарлах, энэ төрлийн тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн иргэнд тусгай сургалтад хамрагдсаны үндсэн дээр жолоодох эрх олгох, даатгалын тогтолцоог сайжруулах, тээврийн хэрэгсэлд зорчиж буй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс зориулалтын суудалт, хамгаалах бүс тогтол зүүлгэж хэвших, зам тээврийн ослоос улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлт нөхцөл үүссэн эсэхэд тогтмол судалгаа хийж хариу арга хэмжээ авч байх, хориглосон бүс, хязгаарласан цагт хийн болон дуут дохио ашигласнаас үүдэж иргэдийн эрүүл мэнд, сэтгэл зүйд учирсан хохирлыг тооцдог байх зэрэг санал гаргасан.

Мөн автозамын чанар, стандарт, зориулалтыг олон улсын жишигт нийцүүлснээр осол, аваар буурахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэг санал, байр суурийг холбогдох албаныхан илэрхийлж байв.

Дугуй ширээний уулзалтын төсгөлд уулзалтаас гарсан саналыг нэгтгэж, зөвлөмж боловсруулан эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр тогтлоо. Хэлэлцүүлгийн хоёрдугаар уулзалтыг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн салбар, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар ХЭҮК төлөвлөн ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close