НҮБОнцлох

Зун ч зудын айдастай

НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зудад нэрвэгдсэн орон нутгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж хүргэсээр байгаа билээ. Хүмүүнлэгийн тусламжуудын үр дүнг хянаж үнэлэх ажлаа НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сан зайнаас болон газар дээр нь зохион байгуулж байна.

Энэ хүрээнд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн хяналт үнэлгээний баг өнгөрөгч долоодугаар сарын 29-31-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул суманд ажиллаж, тусламж хүлээн авсан малчин эмэгтэйчүүдтэй уулзаж тусламжийн үр дүн, зохистой байдал, сэтгэл ханамжид үнэлгээ хийлээ. Ингэснээр хүмүүнлэгийн тусламж эзэндээ хүрсэн эсэхийг нягтлахын зэрэгцээ цаашдаа тусламжийн чанарыг дээшлүүлэх, түгээлтийг сайжруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.  Аливаа гамшиг онцгой байдлын үед иргэдийн ахуй амьдрал, орлогын түвшин буурч тэр хэмжээгээр охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нэн шаардлагатай хэрэгцээ хангагдахгүй байх эрсдэл өндөр болдог.

Иймд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан зудын нөхцөл байдал хүндэрсэн есөн аймгийн 72 сумын малчин эмэгтэйчүүд, тэр дундаа хөхүүл жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй болон дотуур байранд гэр бүлээсээ хол амьдардаг өсвөр насны 4000 охид эмэгтэйчүүдэд эрүүл ахуй, ариун цэврийн багц түгээсэн байна. Мөн орон нутгийн охид, эмэгтэйчүүдийн бие болон сэтгэлзүйн аюулгүй байдлыг хангах зорилгоор тэдэнд зориулсан аюулгүй өрөөг бий болгож орон зай үүсгэх, орон нутгийн эрүүл мэнд, нийгмийн ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, зудад өртсөн өрхүүдэд сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх ажлуудыг хийгээд байна.

Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангаас 6700 хүүхдэд хоол тэжээлийн нэмэлт дэмжлэг үзүүлсэн бол алслагдсан сумын 2000 гаруй хүүхдийн суралцах боломжийг дэмжиж хичээлийн хэрэгсэл олгожээ. НҮБ нь Монгол Улсад хүмүүнлэгийн нэн шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхыг бэхжүүлэхийн зэрэгцээ хэнийг ч хөгжлөөс орхигдуулахгүйгээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг байнга дэмжин ажиллаж буйгаа мэдэгдээд байгаа юм. Энэ ажлын хүрээнд тус олон сангийн  хяналтын баг дээрх сумдад  ажилласан юм.

Зуд болсон сумдад бороо бага, гандуу, тачир өвстэй байна

Холын гийчинд намрын сар дөхсөн налгар өдрүүдийг ажихад газрын өнгө алгуур шаргалтаад, айраг цагаа элбэгшээд сайхан зуншлага болсон нь илт. Зүлгэн дээр гэрээ барьж, малаа дураар бэлчээсэн малчид ч тааваараа. Томчууд нь холхон бэлчих  адуу мал, уул тагийн жимс зээргэндээ.  Харин хүүхэд багачууд нь хонь хургаа эргүүлж хөгшидтэйгээ гэрээ сахих дүр зураг Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл сумын малчдын зуны сүүл сар буюу долоо, наймдугаар сарын зааг үеийнх. Нийслэлээс 800-900 км-ын зайд орших, хоногийн талд нь давхиж байж хүрэх Завханы Их-Уул, Тосонцэнгэлийн зун цагийг товч зураглавал ийм.

Гэвч нутгийн малчдын хэлж буйгаар энэ зун бороо ус тааруу, өвс ургамал тачир гандуу намартаа  золгож буй ажээ. Хангайн нурууны өндөр бүст орших тул энд эрт сэрүү унаж хүйтэрдэг. Өнгөрсөн жилийнх шиг цас их унавал цаг хатуурна гэж малчид хаширлана. Нийт нутгийн 50-60 хувь нь гандуу байгааг сумын удирдлагууд ч хэлж байлаа. Намар хаянд ирсэн, наадам өрнөсөн энэ цаг үед малчдын зүрхийг зүссэн өнгөрсөн өвөл, хаврын нөхцөл байдал сургамжийг дахин нэг сөхөж, ирэх өвлийн бэлтгэлийн талаар зориуд ярилцав. Түүнчлэн олон улсын болон НҮБ-ын тусламж дэмжлэг малчдад хэрхэн хүрч тус дэм болж буйг тодруулав.

20 гаруй хоног нь -40 хэмтэй байв     

Өнгөрсөн өвөл, хавар Завханы нутгаар 30 хоног -30 хэм, 20 гаруй хоногт нь -40 хэмд зарим үед хөрсөн дээр -48.9 хэм  хүрч цочир хүйтэрсэн нь цаг уурын мэдээнд тэмдэглэгдэн үлджээ. Түүнчлэн хунгарласан их цас хайлмагтаж мөстсөн олон давхар хунгар гээд цагаан болон мөсөн зуд Их-Уул, Тосонцэнгэл сумд руу орох замыг хэдэн сар хааж, малын хөлийг таван сар шахуу тушжээ. 2023 оны арваннэг дүгээр сараас хойш Монголын нийт нутгаар орсон цасны хэмжээ олон жилийн дунджаас 1.6 дахин их буюу сүүлийн 50 жилд ороогүй их цас байсан гэж мэргэжлийн байгууллага тодорхойлсон. 2009-2010 оны зудаас ч илүү  цастай байсныг  УЦУОШГ мэдээлж байв. 2023-2024 оны өвөл, хаврын цаг агаар, их хэмжээтэй  орсон нь цас байдаг л байгалийн  үзэгдэл  байсан уу гэдэгт эдгээр тоо хариулж байгаа юм.

Урд өмнө үзэгдээгүй байгаль  цаг уурын онцгой гамшиг болох цагаан болон мөсөн зудыг Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумын малчид отор нүүдлээр давснаа ярьцгааж байв. Тодруулбал, Их-Уул сумын  330 гаруй өрх 100 гаруй мянган толгой малтайгаа, Тосонцэнгэл сумын 40 гаруй өрх 8.2 мянган малтайгаа Хөвсгөл, Булган, Архангай, Төв зэрэг аймгийн нутагт өвөлжин оторлож, хаврын дунд сард нутагтаа ирцгээжээ.  Тэд тэвдсэн, сандарсан арга барагдсан цагт олны дэм, бусдын дэмжлэг багадаггүй,  харин ч сэтгэл санааны том хүч болдог тухай ярьж байлаа. “Зудтай хүнд цаг үед үлдсэн хэдэн малаа л аваад үлдчих юм сан гэж чармайж байлаа. Тухайн үед НҮБ-ын бэлэн мөнгөний тусламжаар гол төлөв малдаа өвс тэжээл авч байлаа. Энэ нь  цагаа олсон бодитой дэмжлэг байсан шүү… ” гэж малчид ярьж байна.

Тэдний нэг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин Ц.Нармандахынх 400 аад толгой малтай Харганын эхэнд зусаж байна. Эднийх 13 дахь жилдээ мал маллаж буй  залуу малчин гэр бүлийн төлөөлөл. Түүний гэргийг Н.Янжинлхам гэдэг. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын I сургуулийн  дотуур байр 100 шахам хүүхэдтэй. Тэдний 70 орчим хувь нь малчдын хүүхдүүд. Тус сургуулийн байранд  Их- Уул, Идэр, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан уул сумаас хүүхдүүд ирж байрлаж суралцдаг. Цас зудтай нөхцөлд малчид хүүхдүүдээ авч чадахгүй байх, хүүхдүүд нь эцэг эхээ өрөвдөж сэтгэлээр унах, хичээл хоцрох үе бий гэж тус сургуулийн дотуур байрны багш Д.Бадамзул ярьж байв. Энэ үеэр тэдэнтэй болон  багийн эмч болон сумын удирдлагуудтай  цааш үргэлжлүүлэн хөөрөлдөв. 

Н.Янжинлхам: Гэртээ нэг уут гурил, малдаа л ахиу тэжээл авдаг

-Өнгөрсөн оны өвөл, хаврыг танай хотныхон, танайх хэрхэн давав. Өвлийн бэлтгэлээ хэр базаасан байв?

-Манайх хадлангийн гурван хашаатай учраас ноднин өөрсдийнхөө хэрэгцээнд хангалттай сайн өвс авсан. Өмнөх жилийн өвснөөс 100-аад боодол үлдсэн байсан. Нэмээд бас 100 –аад боодол өвс бэлтгэсэн. Мөн “Бойнго” машинаар зургаан удаа өвс хадаж татсан.  Ер нь манайх намар болгон өвс тэжээлээ ахиухан нөөцөлж, хивгээ бөөндөж авдаг. Малаа тэжээгээд болоод байдаг байсан бол өнгөрсөн өвөл ямар ч боломжгүй байлаа. Арваннэгдүгээр сар дөнгөж гаргаад цас ихээр орж хайлмагтаж хөлдсөн. Цаг хүндрэхийг мэдээд хонь, ямаанаасаа нядалж, тугал бяруу, эм хонио зарсан. Сүргээ ангилан ялгаж 100 хувь тэжээсэн ч хорогдсон.  Намайг 12 сард төвөөс малдаа гарч ирэхэд 30-аад хонь ямаа үхсэн байсан. Бүх эм хонио зарсан болохоор энэ жил ямар ч төл аваагүй. Идэшний үеэр үхрүүдээ бас зарсан. Цас зудтайг далимдуулаад ченжүүд маш хямд авсан. Малаа нядалж борлуулаад мөнгөөр нь үлдсэн малаа алдахгүйн тулд өвс л худалдаж авдаг. Үхрээ хоёрхон хоног л бэлчээхэд хөл нь халцардаг.Тиймээс үхрээ хашиж тэжээхээс өөр арга байгаагүй. Өвс маш их орсон. Хавар хурдан болоосой, ямар урт өвөл вэ гэсэн хүлээлт малчдад  их байсан даа. Өвөл цас орохоор манайх руу машин явах боломжгүй. “ЗИЛ 131” машин хөлслөхөөр 400-500 мянган төгрөг. Ойролцоох малчидтайгаа хамт өнгөрсөн өвөл хоёр удаа ийм үнээр нь өвс татуулсан. Гэсэн ч гурван сард дахиад өвсгүй болж, худалдаж авсаар л байсан. Энэ зун бас  ногоо ч сайн гарсангүй. Өнгөрсөн хавар манайх солом суулгасан ч бороогүй байснаас ургасангүй.

-НҮБ зудын гамшигт өртсөн малчдад бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн юм байна. Тэр тусламж малчид та бүхэнд ирсэн үү. Авсан бол хэрхэн тус дэм болж чадав? 

-Улс, аймгийн Онцгой байдал, байгууллага, иргэдээс тусламж ирж  байсан.  Олон улсын байгууллагын бэлэн мөнгөний тусламжаар нэг уут гурил,  үлдсэнээр нь малдаа тэжээл авч, өвсний зээлээ төлсөн. Бид яах вэ болно, таван малдаа л тэжээл авъя гэдэг. НҮБ-аас зургаадугаар сард 660 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн. Хүүхдүүдийнхээ ойр зуурын хэрэглэлийг авлаа.  Дэвтэр, цүнх гээд хичээлд нь бэлтгэсэн. Цагаа олсон тусламж байлаа. Малчид таван малынхаа төлөө зүтгэсээр таардаг. Хүүхдүүдээ эрдэмтэй болгоно гээд малаа орхиж сум орох уу,  малаа гээд хүүхдүүдээ орхих уу гээд олон  асуудал бий. 

Д.Бадамзул: Малчдын хүүхдүүд эцэг эхээ л их өрөвдөж сэтгэлээр унадаг  

 -Цас зуд малчдын хүүхдүүдэд, дотуур байрны сурагчдад хэрхэн нөлөөлдөг бол? 

-Цас ихтэй өвөл, хаврын хүнд үед зарим эцэг эх хүүхдээ сургуульд нь хүргэж чадахгүй, хичээлийг нь  20 хүртэл хоногоор тасалдуулсан тохиолдол бий. Цас их үед унаа явах боломжгүй болдог. Малчид дотуур байрнаас хүүхдээ авч чадахгүй тохиолдолд бага ангийн хүүхдүүд эцэг эхээ их санана, уйлна, урвайна. Цахимаар, зурагтаар цас зудын тухай хүнд хэцүү мэдээ үзэхээр “одоо аав минь малынхаа баасыг арилгаж байгаа, ганцаараа байгаа даа, ээж минь даарч байгаа болов уу, хамжих юм сан, туслах юм сан”  гэж байнга л ярина.  Зарим нь санаад уйлцгаана. Гэр орноо үгүйлнэ. Манай дотуур байранд өнгөрсөн өвөл сарын чөлөө аваад эцэг эхдээ тусалж яваад ирсэн охин ч бий. Цас зудын үед бид ямар нэгэн аргаар хүүхдүүдийг гараас гарт, эцэг эхчүүдэд нь хүлээлгэж өгдөг. Шаардлагатай нөхцөлд багийн дарга, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш бид хэд зайлшгүй холбоотой ажилладаг. Сурагчдаа ар гэр, эцэг эхтэй нь утсаар яриулж аль болох тайван байлгахыг хичээдэг. Гол нь  хүүхдүүдийн сэтгэл зүй л чухал. Үүнд цаг үед малчдын хүүхдүүдэд, дотуур байрны сурагчдад сэтгэл зүйн дэмжлэгээс эхлээд бусад тусламж их хэрэгтэй байсан. НҮБ-ын Хүүхдийн сан манай байрны охидод охидын ариун цэврийн хэрэглэлийн тусламж үзүүлсэн. Охидын 32 багцыг бүгдэд нь биечлэн гардуулж өглөө. Ар гэртэйгээ холбогдож чадахгүй байгаа, дотуур байрны охидод ариун цэврийн хэрэглэл, нойтон, хуурай салфетик гээд хэрэгслүүд нь их хэрэгтэй тусламж байлаа. Охид эцэг эхийгээ өгч байгаа юм шиг л баярлаж хүлээн авч хэрэглэсэн.Нийт сурагчдынхаа өмнөөс НҮБ-ын хамт олонд, хандивлагчдадаа талархлаа илэрхийлье.

Завхан аймгийн Их уул сумын II багийн эмч М.Буянжаргал: Зудтай үед малчдын хүүхдүүдэд нэмэлт тэжээл, витамин чухал

-Манай баг 40 гаруй малчин өрхтэй. Хол нь 50 км-ын цаана Харганын эх гэдэг газарт нутагладаг. НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламжаар ирсэн витамин Д, бичил тэжээлийг малчин айлын хүүхдүүдэд түгээж байна. Цас ихтэй, цаг уур хүндэрч малын ажил ихэссэн үед малчид хүүхдүүддээ анхаарал халамж бүрэн сайн тавьж чаддаггүй. Тиймээс энэ тусламж малчдад, хүүхдүүдэд их хэрэгтэй. Бид витамин, нэмэлт тэжээлээ өгөхдөө эхлээд хүүхдээ үзэж үнэлдэг. Сарын дараагаас үр дүн нь маш сайн илэрдэг. Зудын үеэр НҮБ-аас бас эмийн багц ирсэн. Яарч сандарсан, цасанд нааш цааш явах боломжгүй мөнгө төгрөг муутай үед малчдад их хэрэгтэй тусламж байлаа. Зуднаар мал нь үхэхээр малчид сэтгэл санаагаар их унадаг.  Энэ үед олны сэтгэлийн дэм, хандив тусламж их хэрэг болдог доо. 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын орлогч Д.Мөнхцэнгэл: Бид  хадлан тэжээл бэлтгэх арга технологио өөрчилж байна

– Манай сумын малчид бага малаа зах зээлд нийлүүлсэн. Эцэг мал тавиагүй, отор нүүдэл хийсэн гэх мэт олон арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд  2023-2024 ний өвөл хавар малын хорогдлыг зохих хэмжээгээр бууруулсан. Малчид өөрсдөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж зудын эрсдэлийг давлаа. Өвөл арваннэгдүгээр сараас хавар гуравдугаар сар дуустал нийт таван сарын турш 150 гаруй хоног  малаа тэжээхэд маш их тэжээл орсон. Тэр болгоныг мөнгөөр худалдаж авдаг. Энэ үед НҮБ, Японы Хүүхдийг ивээх сангаас малчин өрхүүдийг сонгон авч тусаллаа. Хорголжин тэжээл, ариун цэврийн хэрэглэл, мөнгөн тусламж үзүүллээ. Дараа нь дахин холбогдож малчдын хүүхэд нэг бүрд зуны хэрэглээний багцыг өглөө. Үүнийг анги удирдсан багш, нийгмийн ажилтнууд хариуцаж, яг хүрэх ёстой эзэнд нь гараас гарт хүргэсэн. Энэ зун гэхэд нийт бэлчээрийн 60 хувь нь гантай байна. Зарим малчид тэжээлийн ургамал тарьсан ч бороо хургүйгээс сайн ургасангүй. Байгалийн хадлан авах бололцоо ч тааруу байна. Тиймээс усалгаатай газар тариалан хөгжүүлэх, малынхаа үр шимийг нэмэгдүүлж тоо толгойг цөөлөх чиглэл рүү явж байна. Мөн бид хадлан тэжээл бэлтгэлийн арга технологио өөрчилж байна.

Малчдад хэрэгтэй тусламжийн нэг нь эм

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант, сумын хамгийн алслагдсан баг. 1300 гаруй хүн амтай. 480 гаруй өрхтэй. Тэдний 280 гаруй нь малчин. Энэ үеэр тус багийн эмчээр 17 дахь жилдээ  ажиллаж буй Г.Баасансүрэнтэй  ярилцлаа.

Тэрээр “ Манай багийн алсдагдсан айлууд нь хоорондоо 100-150 км-ын зайтай их хол байдаг. 0-5 настай 122 хүүхдийн 80 хувь нь 0-2 настай. Өнгөрсөн өвөл маш их цастай байсан учраас өөрсдөө малчин айлуудад хүрч чадаагүй. Онцгой байдлын албаныхантай зам гаргаж тавдугаар угаар сард “ЗИЛ 131” машинаар хүрч очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Яг өвлийн тухайд аав ээжүүдэд нь өндөр настан, 0-5 настай хүүхэдтэй айлуудад төв суурин газартаа  байхыг зөвлөдөг. Алслагдмал газар байгаа айлууд бол өөрсдөө эм тариагаа нөөцлөөд эмийн сангаа арвижуулаад утсаар л холбогдож анхан шатны тусламж авдаг. НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн олон найрлагат бичил тэжээлийн холимог, эмчилгээний бэлэн хоол зэргийг тусламжаар өгсөн. Жин, өндөр багатай хүүхдүүдэд өндөр жингийн харьцаагаар тооцоолж хэрэглүүлдэг. Хүүхдийн жинг долоо хоногоор хэмжих байтал алслагдсан газарт эм бэлдмэлийг нь дөрөв дөрвөн сараар нөөцөлж өгч байна. Ингэснээр жин, өндөр нь сайн нэмэгддэг. Ханиад томууны үеэр 4/1-ээр хуваагаад бэлтгэчихсэн Парацетамол тарааж байна. Ажил ихтэй үед ээжүүдийг ажлыг нь их хөнгөвчилж байна. Саяхан мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас витамин D 2000 тунтай ирсэн. Витамин D-ийн дутагдалтай, худалдаад авах боломжгүй иргэддээ өгч байна. Гурван сарын дараа үзэхэд сайн нөхөгдсөн байдаг. Хүүхдүүдэд сайн үр дүн өгч байна. Мөн тусламжаар ирсэн олон найрлагат бичил тэжээлийн холимгийг аль болох хүүхдүүдийг ялгалгүй зургаан сартайгаас хоёр нас хүртэл  өгч байна. Бичил тэжээлийн холимог 10 амин дэм зургаан эрдэс бодистой байсан бол найрлага нь нэмэгдээд чанаржсан байна. Тогтмол ууж хэрэглэж байгаа хүүхдүүдэд оюун санаа, хөдөлгөөн, бие бялдарт мэдэгдэхүйц өөрчлөлт үр дүн өгч байна. Малчид бэлэн мөнгөгүй, нааш цааш явж чадахгүй, сүлжээ байхгүй үед энэ тусламж их хэрэг болж байна. Цас зудын хүнд үед эм тариагаар тусалж байгаад маш их баярлаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. ДАВАА ГАРАГ. № 154 (7398)

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close