БоловсролFocus

Л.Хосбаяр: Сургуулийн засвар шинэчлэлтийг стандартын дагуу хийх шаардлагатай

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр ерөнхий боловсролын сургуулиудын их засвар болон өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Тодруулбал, ерөнхий боловсролын 15 дугаар сургууль, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, Эмээлтийн шинэ сургуулийн барилгын явцтай танилцсан юм.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийг 1964 онд байгуулсан бөгөөд их засвар хийгээгүй 60 жил болж байна. Иймд өвөлдөө дулаан алдагдалтайгаас гадна дулааны улиралд борооны ус ихээр нэвтрэн, хүүхдүүд хичээллэх боломжгүй болоод байсан юм. Энэ онд нийслэлийн хөрөнгөөр тус сургуулийн үндсэн барилга болон эрэгтэй дотуур байранд их засвар хийхээр болсон бөгөөд ажлын явц 20 хувьтай үргэлжилж байна.

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах 15 дугаар сургууль нь 2018 оноос эхлэн зургаа дахь жилдээ гурван ээлжээр түрээсийн байранд хичээллэж буй. Тодруулбал, тус сургуулийн үндсэн барилга 920 хүүхэд хичээллэх хүчин чадалтай. Гэвч гурван мянга гаруй хүүхэд хичээллэж байна. Мөн хоёр түрээсийн байранд 1200 гаруй хүүхэд давхар хичээллэж байгаа бөгөөд нийт дөрвөн гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгаа юм. Иймээс улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургуулийн үндсэн барилгын ард 640 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл барихаар болсон. Гэвч долоодугаар сарын 19-нөөс гүйцэтгэгч компани гадна шугамын ажлаа эхлэхэд зураг төслийн ерөнхий төлөвлөгөөнд тооцоологдоогүй цэвэр усны болон дулааны шугам гарч ирсэн тул түр хугацаанд ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болоод байсан юм. Тэгвэл өнөөдөр нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөн газрын хэмжээг шилжүүлэхээр болж, ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой боллоо. Тус 640 хүүхдийн суудалтай сургууль нь ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 2, 3, 20 дугаар хорооны хүүхдүүд хоёр ээлжээр суралцах боломж бүрдэнэ.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлт орчимд шинэ сургууль барих ажлыг улсын төсвийн санхүүжилтээр 2019 онд эхлүүлсэн, тухайн үедээ 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байсан. Гэвч цар тахлын хөл хорионы улмаас ажил зогссон байдалтай өдийг хүрсэн юм. Иймээс долоодугаар сарын 8-ны өдөр нийслэлийн Засаг дарга Боловсролын сайдтай зөвшилцөн Барилгын хөгжлийн төвийн хяналт тавих эрхийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт шилжүүлж, захиалагчийн хяналтыг нь хэрэгжүүлэхээр болсон. Тус 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийг магадлалаар төсөвт өртгийг нь шинэчлэн тогтоох ажлын хэсэг байгуулсан бөгөөд эхний ээлжид өдийг хүртэл хийсэн, цаашид хийгдэх ажлыг тодорхой болгон ажлаа хүлээлцэх шаардлага үүсэж буй. Уг мэдээлэл тодорхой болсны дараа сургуулийн барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжтой болох юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Төрөөс буюу нийслэлээс шалтгаалах зүйлсээ бид цаг тухай бүрд нь хийж байгаа. Иймд гүйцэтгэгч компани хариуцлагатай байж, сургуулийн барилгыг хугацаанд нь хүлээлгэн өгөхийн тулд 24 цагаар ээлж гарган ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна. Нэг компанийн хариуцлагагүй байдлаас болж олон мянган хүүхдийн эрх ашиг хөндөгдөж болохгүй. Мөн засвар шинэчлэлт, өргөтгөлийн барилгын ажлыг хийхдээ гадна, дотор тохижилт, тоног төхөөрөмжийг цогцоор нь стандартын дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй. Ингэснээр ирэх арван жилүүдэд ахин их засвар болон бусад зүйлд санаа зовох шаардлагагүй болох юм” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close