МУХБЭдийн засагОнцлох

Хөгжлийн банкны тогтвортой санхүүжилтийн баримт бичгийг Moody’s Ratings баталгаажууллаа

Монгол Улсын Хөгжлийн банк (МУХБ) нь Тогтвортой санхүүжилтийн хүрээ (Sustainability Financing Framework) баримт бичгээ дэлхийд тэргүүлэгч санхүүгийн байгууллага болох MUFG (Mitsubishi UFJ Financial Group) банкны тогтвортой санхүүжилтийн зөвлөх багтай хамтран боловсруулж, “Moody’s Ratings” олон улсын үнэлгээний байгууллагаар амжилттай баталгаажууллаа.

Хөгжлийн банкны зүгээс хэрэгжүүлэх ногоон болон нийгмийн төсөл, хөтөлбөрүүд нь байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөгүй байх гэсэн олон улсын стандарт, босго шалгууртай нийцэж буйг энэхүү баримт бичгээр тодорхойлж байгаа нь онцлог юм.

Улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжигч бодлогын банк болохын хувьд уг баримт бичгийг баталгаажуулснаар Хөгжлийн банк нь олон улсын зах зээлээс ногоон болон нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг татан төвлөрүүлэх замаар орлогод нийцсэн орон сууц, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт зэрэг төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрдэхээс гадна дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулна.

Мөн тус баримт бичигт зээл, санхүүжилтийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ)-ын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, олон улсын зах зээлээс татан төвлөрүүлэх эх үүсвэрийг хэрхэн удирдаж, шалгуурт нийцсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хэмжиж тайлагнах тухай тусгагдсан.

Монгол Улсын Хөгжлийн банкны тогтвортой санхүүжилтийн хүрээ нь олон улсын хөрөнгийн зах зээлийн нийгэмлэг (ICMA)-ээс гаргасан Ногоон бондын зарчим, Нийгмийн бондын зарчим болон Тогтвортой хөгжлийн бондын удирдамжтай нийцсэн. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчидтай урт хугацаанд хамтран ажиллах, харилцан итгэлцлийг бий болгоход чухал ач холбогдолтой.

Баримт бичгийг баталгаажуулсан “Moody’s Ratings” олон улсын үнэлгээний байгууллагын тайлантай танилцана уу.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close