Эдийн засагОнцлох

Монголын банк, санхүүгийн салбарынхан бэлгэдэлтэй боллоо

Монголын банк, санхүүгийн салбарынхан бэлгэдэлтэй боллоо. Энэ нь дэлхийн эдийн засаг, санхүүгийнхний хүч чадал, эрх мэдэл, ололт амжилтыг бэлгэддэг бухын дүрслэл юм.

Энэ жил тохиож буй Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойгоор банк, санхүүгийн салбарынхан ийнхүү өөрсдийн бэлэгдэл болох бухын хөшөөг нийслэлийн төв хэсэг, Чингэлтэй дүүргийн Анкарагийн гудамжны Монголбанкны уулзварт өнөөдөр нээлээ. Нээлтэд СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон санхүүгийн салбарын байгууллага, холбоодын удирдлага оролцов.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий дахинаа эдийн засаг, санхүүгийн томоохон бүсүүдэд бухын дүрслэлийг хэрэглэж, улсынхаа эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хүч чадал, ололт, амжилтыг бэлэгшээдэг уламжлалтай. Энэхүү жишгээр манай улсын хувьд санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зэх зээлийнхээ өсөлт, хөгжлийг бэлэгшээж бухын дүрслэл бүхий хүрэл хөшөөг өөрийн орны ёс заншлыг шингээн урлаж бүтээсэн нь өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байна. 

Ийнхүү санхүүгийн салбарт хүчин зүтгэж буй нийт ажилтан, энэ салбарт хувь нэмрээ оруулж буй хүн бүрт зориулж Улаанбаатар хотынхоо энэхүү хэсгийг “Санхүүчдийн талбай” гэж нэрлэж түүн дотроо салбарынхаа онцлогийг шингээсэн бухын хөшөөг босгосон нь томоохон үйл явдал болж байгаа бөгөөд нөгөөтэйгүүр нийслэлд өнгө нэмж, иргэд, олон нийтийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газар нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна. 

Энэ жил Монгол Улсад банкны салбар үүсч хөгжсөний 100 жил, Даатгалын салбарын 90 жилийн ой тохиож байгаагаас гадна Санхүүгийн зохицуулагч байгууллага ялангуяа хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн хугацаанд хөгжлийн түвшин шинэ шатанд гарч, санхүүгийн олон шинэ бүтээгдэхүүнтэй, дэд бүтэц, технологи, хууль эрх зүйн хувьд олон улсын жишигт нийцсэн, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хөгжлийн түүхэнд хамгийн өндрөөр өсөж, FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) ангилалд албан ёсоор багтсан шинэ өнгө төрх бүхий орчин үеийн зах зээлболж хөгжөөд байна.

Хөрөнгийн зах зээлд гарч буй энэхүү өндөр өсөлт нь эдийн засгийг төрөлжүүлэх, тэр дундаа банкны хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах банкны салбарын реформ, төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлогын реформ болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр биржийн бус зах зээлийг бий болгох, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийг бууруулах, зах зээлийн зохицуулалтын орчныг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр авч хэрэгжүүлсэн бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээний үр дүн билээ.

Үүнд яалт ч үгүй төр, хувийн хэвшил, дэд бүтцийн байгууллагууд болон зах зээлд оролцогч бусад мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа нөлөөлснийг онцлох нь зүйтэй байх. Түүнчлэн зах зээлийн өсөлт, хөгжилд Монгол Улсын иргэн бүрийн оролцоо ч чухал бөгөөд энэхүү хөшөөгөөрөө дамжуулж хүн бүр хөрөнгийн зах зээлийн талаар ойлголттой болж түүнийг дагаад санхүүгийн салбар маань илүү ихээр хөгжихийг ерөөж байна” гэсэн юм.

Санхүүгийн салбарын бэлгэдэл болсон энэхүү хүрэл хөшөөг уран бүтээлч Ж.Цолмонхүү, Д.Анхбаяр, Д.Ариунболд, Б.Лхагважав, Н.Саруул-Оргил, О.Жамьяантүвдэн болон Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид бүтээсэн юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close