Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ц.Цэрэнпунцаг, Б.Энх-Амгалан, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Доржханд нар ажиллаж байгаа юм.
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн (2024.05.29) сонсгол гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр 11 цаг 02 минутад Төрийн ордонд эхэллээ.
Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас өгсөн үүрэг, чиглэл болон Хянан шалгах түр хорооны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 09 дүгээр тогтоолд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Б.Энх-Амгалан удирдсан бөгөөд нээж үг хэлсэн юм.
Ашигт малтмалыг зүй зохистой, ард түмний нийтлэг ашиг сонирхол, эх орны хөгжлийн төлөө ашиглах ёстой боловч ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох үйл ажиллагаа, тэдгээрт ногдуулсан төлбөр, татвар зэрэг нь хууль тогтоомжид заасны дагуу явагдсан эсэхэд иргэд, олон нийт эргэлзэж байгаа гэдгийг тэрбээр тэмдэглэсэн. Тиймээс иргэдийн эргэлзээг тайлах, мэдээлэл өгөх зорилгоор энэхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулж байгаа гэлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлт гаргах, тайланг Улсын Их Хурлын 2024 хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо байгуулагдсан юм. г байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд санаачлан Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлсэн юм.
Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан “Миний бие Улсын Их Хурлын гишүүний хувьд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын хяналтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасанчлан аливаа хуулийн этгээд, иргэний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн үзэхийн зэрэгцээ гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд үндэслэн сонсгол явагдана” хэмээлээ. Үүнээс гадна дараах үндсэн зарчмуудыг баримталж, сонсголыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан байна.
Тэрбээр энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол нь эрдэм шинжилгээний хурал биш гээд “Хэн нэгнийг гэмт хэрэгтэн, буруутан болгож шүүхгүйгээс гадна гэрчээр дуудагдан ирж тайлбар, мэдээлэл өгч байгаа аливаа хуулийн этгээд, албан тушаалтан, иргэнийг гэм буруутан мөн, биш гэж үнэн худал, зөв буруугаар нь шүүхгүй” хэмээн тэмдэглэсэн. Түүнчлэн сонсголоор гэмт хэрэгтнийг илрүүлэх, буруутгах, илчлэх мөрдөн байцаалтын үйл ажиллагааг явуулахгүйн зэрэгцээ улс төр, популизм хийхгүй, олон нийтийн өмнө аливаа байдлаар худал мэдээлэл өгөхгүй, хууль бус үйлдэл гаргахгүй байх зарчмыг баримталж буйгаа онцоллоо.
Сонсголын явцад ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой хууль, эрх зүйн орчин хангалтгүй, боловсронгуй бус байгаагаас, ажил хариуцан гүйцэтгэж, эрхэлж байгаа төрийн албан тушаалтны буруутай, хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж, хэрэв төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, хяналт шалгалт хангалтгүй байдлаас улбаалан ашигт малтмалын хайгуул, лиценз давхардуулан олгогдсон, тусгай зөвшөөрлийг журмын дагуу олгоогүй зэрэг анхаарч засах асуудал гарвал сонсголын дараа холбогдох байгууллагуудад асуудал тавьж, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана гэв.
Хоёр өдөр үргэлжлэх сонсголоор олон нийтэд байгаа нөхцөл байдлыг бодитоор нь, байгаагаар нь харуулж, бодит мэдээллийг үнэн зөвөөр нь мэдээлнэ гэдгийг Б.Энх-Амгалан гишүүн тэмдэглэн хэлсэн.
Хянан шалгах түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны 25 дугаар тогтоолд заасны дагуу дөрвөн тусгай шалгалтын асуудал, 10 сэдвийн хүрээнд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл, бичил уурхай, тэдгээрийн олголт, шилжилт хөдөлгөөн, эцсийн өмчлөгч, мөн зориулалтын дагуу ашигласан байдал болон холбогдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн байдал, үүссэн өр төлбөр, түүний шалтгаан, эх үүсвэргүй ашигт малтмал борлуулсан, экспортолсон болон ашигт малтмалын орд, ордтой зэрэгцсэн газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон, олборлосон зэрэг асуудлын хүрээнд хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Улсын Их Хурлаас байгуулсан өмнөх Хянан шалгах түр хороодтой харьцуулахад энэ түр хорооны шалгах асуудлын хүрээ хязгаар нэн өргөн, ажиллах хугацаа богино байсныг сонсголын нээлтийн үеэр Б.Энх-Амгалан гишүүн онцолж байв. Бусад Хянан шалгах түр хороод 3-4 сарын хугацаанд нотлох баримтыг шинжлэн судалж байсан бол энэ удаад хугацаа богино тул хяналт шалгалтын үйл ажиллагаа өнөөдрийн сонсгол зохион байгуулагдах өдөр хүртэлх хугацаанд үргэлжилж байгаа аж.
Үүнээс улбаалан сонсголын тов, дуудах гэрчийн нэр батлагдсаны дараа хамаарал тогтоох шалгалтаар нотлох баримт нэмж гаргуулах, шинээр гэрчүүд нэмж дуудах; Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт “Түр хороо гэрчээр дуудах тухай мэдэгдлийг гэрчид сонсгол эхлэхээс ажлын гурваас доошгүй өдрийн өмнө хүргүүлэх үүрэгтэй.” гэж заасан тул шинээр гэрч нэмж дуудахад хууль зөрчигдөх; байгууллага, хуулийн этгээдээс шаардсан нотлох баримтуудыг тухайн байгууллагуудаас тогтоосон цаг хугацаанд бүрэн гүйцэд шаардлага хангаж ирүүлээгүй эсхүл огт ирүүлээгүй нийтлэг зөрчлүүд гарч байгаа зэрэг нөхцөл байдал шинээр үүсээд байгаа юм байна.
Шалгалтын хугацаанд нийт 53 байгууллагаас нотлох баримт гаргуулахаар хандсан ч өнөөдрийн байдлаар 41 байгууллага хариу ирүүлсэн бол 12 байгууллага огт хариу ирүүлээгүй байна. Хариу ирүүлсэн байгууллагуудаас 9 нь нотлох баримтын хүрээнд шаардлага хангах бүрэн баримт ирүүлээгүй аж.
Дээрх бэрхшээл, нөхцөл байдал үүсч буй хэдий ч тус Хянан шалгах түр хороо товлосон хугацаандаа сонсголыг зохион байгуулж, олон нийтэд нээлттэйгээр хүргэх нь зүйтэй гэж үзсэний дагуу өнөөдрийн сонсголын ажиллагааг явуулж байгааг Б.Энх-Амгалан гишүүн нээлтийн үгэндээ онцолсон.
Сонсголын үеэр гэмт хэргийн шинж чанартай, авилгын шинжтэй, үгсэн хуйвалдаж буруутай үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний талаар яригдаж байгаа мэдээлэл, баримт, нотлох материалыг хууль хяналтын байгууллага анхааралдаа авч, нарийвчлан нягтлан шалгах ёстой гэдгийг тэмдэглэлээ.
Хянан шалгах түр хорооны зүгээс Түр хороонд ирсэн, судлагдсан гэмт хэргийн шинжтэй, анхаарал татсан нотлох баримт материалуудаас гадна шинээр үүссэн нөхцөл байдлыг хууль хяналтын холбогдох байгууллагад шилжүүлэн өгөх юм байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах явцад арилжааны банкуудаар хийсэн гүйлгээний дансны хуулгаар давхар баталгаажуулах шалгах шаардлага үүссэн бөгөөд үүний тулд нэмэлт хугацаа шаардагдаж байгаатай холбогдуулан Монголбанк болон бусад холбогдох байгууллагаас хянан шалгагч, шинжээч нарыг шинээр томилж ажиллуулах нөхцөл, байдал үүсчээ. Мөн сансрын зураг авалт, кадастрын зураглал зэргийг харьцуулан үзэхэд хайгуулын талбайд олборлолт хийсэн байх ул мөр гарсан, тухайн газар дээр нь ажиллаж, нотлох баримтыг дахин бүрдүүлэх, шинээр зураг авалт хийх; гэрчээр дуудагдсан төрийн бус байгууллагуудаас нягтлан шалгах шаардлагатай нотолгоо, баримт, тохиолдлуудыг шинээр ирүүлсэн байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дарааллыг сонсгол даргалагч танилцуулсан бөгөөд үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Адьшаа санал хэлсэн. Тэрбээр нэр бүхий компанийг сонсголд оролцуулах санал илэрхийлэхэд сонсгол даргалагч Б.Энх-Амгалан гишүүн тус компанитай холбоотой сэдвийг маргаашийн сонсголоор хэлэлцэнэ гэдэг хариултыг өгсөн.
Сонсгол даргалагч Б.Энх-Амгалан гишүүн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дэгийг дэлгэрэнгүй танилцуулав. Хоёр өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын ирцийг эхний өдрийн ирцээр тооцох бөгөөд сонсголын танхимд орсон оролцогч парламентыг хүндэтгэх, сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэв. Сонсголыг нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах ч Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 45.3-т заасан үндэслэлээр түр хорооны гишүүн нийтийн сонсголыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах горимын санал гаргавал гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх юм байна. Сонсголд оролцогчид сонсголын явцад дуу, дүрсний бичлэг хийх, зураг авах нь хориотой аж. Ийнхүү сонсголын үйл ажиллагаа эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу сонсголын ирцийг Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу илтгэв. Өнөөдрийн сонсголд Хянан шалгах түр хорооноос томилогдсон 9 шинжээч оролцож байгаа аж. Сонсгол даргалагчийн урилгаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн гуравдугаар албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар, тус албаны дарга, ахлах комиссар Д.Батбаатар, Экологийн цагдаагийн Зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Шинэбаатар, Прокурорын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Б.Дөлгөөн нар оролцож байгаа аж. Хөндлөнгийн ажиглагчаар Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлийг төлөөлөн Х.Владимир, М.Буянбадрах, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийг төлөөлөн Г.Эрдэнэтуяа, Хил хязгааргүй алхам ТББ-ыг төлөөлөн Н.Баярсайхан нар оролцож байна гэлээ.
Ийнхүү ирцийн мэдээллийг танилцуулсны дараа Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын ерөнхий мэдээлэл буюу “Геологийн суурь судалгаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” сэдвээр танилцуулга хийсэн юм. Үргэлжлүүлэн Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэл, хамаарлын талаарх судалгаа, нотлох баримтуудыг шинжлэн судлах ажиллагаа эхэлсэн. Хянан шалгах түр хорооны хянан шалгагч, шинжээчид холбогдох тайлан, дүгнэлт болон бичмэл нотлох баримтуудаа танилцуулж, Хянан шалгах түр хорооны гишүүд тайлан, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд гурван багц асуудал, “Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх” сэдвийн хүрээнд хоёр багц асуудлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар мэдээлэл сонсох юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.