ХЭҮК

ХЭҮК: НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хорооны ажлын хэсэгтэй мэдээлэл солилцов

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа, Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн нар НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хорооны ажлын хэсгийн ахлагч Елина Штейнерте, гишүүд Ника Кварацхелия, ХЭДКГ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын дарга Армен Аветисян нартай 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр уулзаж, Монгол Улсад ажилласан албан томилолт, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлын талаар урьдчилсан дүгнэлт, зөвлөмжийн талаар мэдээлэл солилцлоо.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 23 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан үндэсний байгууллага бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1993/48/134 дугаар тогтоолоор батламжилсан хүний эрхийг дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын эрх зүйн зарчмууд буюу “Парисын зарчмууд”-ын дагуу ажилладаг.

“Парисын зарчим”-д Хүний эрхийн Үндэсний Байгууллага нь бие даасан, тодорхой эрх мэдэлтэй, байнгын ажиллагаатай, олон урьгалч төлөөллийг хангах зарчмаар бий болсон бүрэлдэхүүнтэй, олон нийтэд ойр, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадвартай байх ёстой гэж заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 2020 оны шинэчилсэн найруулгаар дагнасан чиг үүрэг нэмэгдэж, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа, Хүний хувийн мэдээлэл хамгаалах, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн механизмыг байгуулан үйл ажиллага явуулж байгааг танилцууллаа.

Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 23 удаагийн илтгэлийг УИХ-д өргөн барьснаас 13 удаагийн илтгэлд эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгаж, УИХ-аар хэлэлцүүлж, хууль тогтоомжийн зохицуулалтыг сайжруулах, эрүү шүүлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөлөл сацуу тууштай, тогтвортойгоор хэрэгжүүлж ирсэн болохыг онцоллоо. Үүний үр дүнд Монгол Улсад тодорхой ахиц дэвшил, үр дүн гарсны илрэл нь Монгол Улс нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бус буюу нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг конвенцыг 2010 онд, Нэмэлт протоколыг (OPCAT) 2015 онд соёрхон баталсан болохыг дурдлаа.

Дэд хорооны төлөөлөгчдийн зүгээс Хүний эрхийн үндэсний байгууллагын дэргэд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм үйл ажиллагаа явуулснаараа олон давуу тал, боломж нээгддэг болохыг улсуудын туршлага харуулдаг, тухайн улс энэ механизмын бүтцийн талаар бие даан шийдвэр гаргадаг.

Нэмэлт протоколын дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизм нь хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах эрхгүй бөгөөд харин урьдчилан сэргийлэх, хамгаалалтын бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг гэдгийг тодотгосон юм.

Цаашлаад Монгол Улс дахь эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг чадавхжуулах, ажлын үр нөлөөг дээшлүүлэх зөвлөмжийг тайланд тусгаж, МУ-ын холбогдох байгууллагад хүргүүлнэ гэж мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close