УИХFocus

Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.05.14/ хуралдаан 10 цаг 37 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 17 гишүүнээс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Энэ талаар  хуулийн төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн “нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан улс орон байх” зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд манай улсын өргөн уудам нутаг, хил хязгаар болон нүүдэлчин ахуй, соёлыг үеэс үед өвлөн хадгалж, хамгаалж байгаа уугуул иргэд болох малчид, малчин өрхийн талаар төрөөс баримтлах бодлогод онцгой анхаарч, тэдгээрийн нийгмийн баталгаа, амьжиргааны нөхцөлийг сайжруулах, уламжлалт мал аж ахуйн үйлдвэрлэлээ тогтвортой эрхлэх, хөгжих таатай боломжийг бүрдүүлэх эрх зүйн үндэслэл, шаардлага байна. Малчдын эрх зүйн байдлыг холбогдох хуулиудтай уялдуулж, бие даасан хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай тул уг хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

Хуулийн төсөл нь 6 бүлэг, 21 зүйлтэй бөгөөд төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн хүрээнд эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзжээ. Тухайлбал, малчдын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нийгмийн өмнө хүлээх эрх, үүргийг тогтоож, үйлдвэрлэгч-менежер, хариуцлагатай байх, хөгжих боломжийг нээхийн зэрэгцээ мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрсдэл даах чадавхтай, үр ашигтай, тогтвортой хөгжилтэй салбар болгон хөгжүүлэх үзэл баримтлалыг хангана. Хариуцан ашиглах эзэн эрхийг малчдад олгох нөхцөлийг бүрдүүлснээр бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагааны хариуцагч эзэн тодорхой болох аж.

Мөн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах малчдын зохион байгуулалтын тогтолцоо бүрдэх, малчдын дунд уур амьсгалын өөрчлөлт, ган, зудын сөрөг нөлөөллөөс сэргийлэх менежментийг тодорхой болгосноор мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулна.

Түүнчлэн малчдын залгамж халааг бэлтгэх, малчдад насан туршийн боловсрол олгох, мэдлэгжүүлэх, цахим системийг нэвтрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд тогтмол оруулах, ашиг шим, чанар, бүтээмжийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлыг бий болгох, малчдыг дэмжих үйл ажиллагааны зарчим, цар хүрээ, дэмжлэгийн хэлбэр, төрийн оролцоо, хязгаарыг тодорхой болно.

Малчин өрхийн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, чанар-үнэ-урамшуулах тогтолцоог хөгжүүлж, эргэлтийг эрчимжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээр тэдгээрийн өрхийн орлого, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлнэ. Хөдөөд суурьшиж, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх малчныг урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжсэнээр хотоос хөдөө рүү шилжих урсгалыг нээж, нийслэлийн хэт төвлөрөл, замын ачаалал, агаарын бохирдлын ачаалал, сөрөг нөлөөг бууруулна. Хариуцлагатай малчдыг хөнгөлөлттэй зээлийн болон татварын бодлогоор дэмжсэнээр малчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, чадавхжих сонирхлыг нэмэгдүүлнэ гэж танилцуулгад дурдсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн, Х.Болорчулуун нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын хэмжээнд сүлжээний асуудлыг нэг мөр шийдэх, цаашлаад ган, зуд зэрэг байгалийн гамшгаас хамгаалах үүднээс малчдыг орон сууцжуулах, малын хашааг битүү болгоход төрөөс дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг төсөлд тусгах талаар санал хэлэв. Мөн гишүүд малчдын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлэг, эмийн сангийн хүрэлцээг нэмэгдүүлэх, тэдгээрийн тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн төлүүлэх асуудлыг төсөлд тусгасан эсэхийг лавлав.

Төсөл санаачлагч гишүүн Г.Тэмүүлэн хариултдаа, Мал аж ахуйн салбарыг авч яваа, Монгол Улсын өнцөг булан бүрийг эзэнтэй байлгаж, тусгаар тогтнолын баталгаа болж буй малчдын нийгмийн болон эрүүл мэндийн баталгааг төрөөс хангах зайлшгүй шаардлагатайг дурдаад өнөөдөр 298 мянган малчдын 80 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, тэтгэвэрт гарах боломж бололцоогүй байна гэв. Хэдийгээр 2021 онд малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль батлагдсан ч “КОВИД-19” цар тахлын хязгаарлалтын улмаас  20 мянган малчин, 15 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчид хуулийн үйлчлэлд нэмэгдэж хамрагдсан байдаг. Тиймээс энэхүү хуулийн төслийн 5 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нэг удаа нөхөн төлүүлэх асуудлыг 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дагах мөрдөхөөр тусгасан гэж байлаа. Мөн тэрбээр малчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс жил бүр эмнэлгийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах зохицуулалтыг төсөлд тусгасан гэв.

Ингээд Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээндхэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Засгийн газраас  2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Мал амьтнаас хүнд халдварладаг өвчнийг зооноз гэх бөгөөд дэлхий дээр 1500 орчим хүний халдварт өвчин бүртгэгдсэний 60 хувь нь зооноз өвчин байна. Жил бүр хүний 4-5 халдварт өвчин шинээр бүртгэж байгаагаас 3-4 нь буюу 75-80 хувь нь амьтдаас хүнд халдварлаж байгааг судалгаагаар тогтоосон. Нийт зооноз өвчний 60 хувь нь, сүүлийн 20 жилд шинээр бүртгэгдсэн зооноз өвчний 80 хувь нь вирусээр үүсгэгдсэн байгааг онцлов.

Мөн Монгол Улсад хүний болон мал, амьтны зориулалттай эм, био бэлдмэл, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, тэжээлийн нэмэлтийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулж байна. Эмийн тухай хууль 1998 онд батлагдаж 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгосон бөгөөд 2010 онд тус хуулийг шинэчлэн  найруулснаас хойш нийтдээ 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч зарчмын хувьд мал амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлтийн талаарх зарчмын суурь зохицуулалт хяналт, шалгалтын талаар бүрэн тусгагдаагүй гэж байлаа.

Түүнчлэн Монгол Улс 1989 онд Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллага, 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элссэн бөгөөд гишүүн орны хувьд дээрх байгууллагуудын батлан гаргасан стандарт, удирдамж, заавар, зөвлөмжид нийцүүлэн үндэсний бодлого, хууль тогтоомжийг өөрчилж, шинээр боловсруулах үүрэг хүлээсэн байдаг. Одоо мөрдөж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд хүний эмнэлгийн зориулалттай эм, түүний дотор уламжлалт, эм, био бэлдмэл, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, хүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулалтыг нарийн тусгагдсан бөгөөд мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, ариутгал, халдвар, төлжилтийн бэлдмэл тэжээлийн нэмэлтэд зохицуулалтыг бүрэн тусгаагүй байдаг.

Дэлхий дахинд мал амьтны эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа нь мал амьтны  өвчний оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, эмийн худалдаа, хангамж, эмийн бүртгэл, баталгаажуулалт, эмийн нэгдсэн цахим бүртгэлийг нэвтрүүлэх, эмийн зохистой хэрэглээ, төрөөс баримтлах зарчим, мал амьтны эм, эмнэлгийн хэрэгслийн био бэлдмэл, оношлуур, эмийн түүхий эд, ариутгал, халдваргүйжилтийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн зөвшөөрөл олгох хяналт, шалгалт зэрэг хууль эрх зүйн зохицуулалтыг цогцоор нь тусгах хэрэгцээ шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Иймд дээрх зохицуулалтыг тусган Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг 7 бүлэг 24 зүйлтэйгээр Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомж батлагдсан үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан байна.

Хууль батлагдсанаар эмийн чанар, аюулгүй байдал, хангамж сайжирч, хүнсний аюулгүй байдлыг хангахад төр болон хувийн хэвшлийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэнэ гэж байлаа.  Мөн мал, амьтны гоц халдварт, халдваргүй шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга хэмжээний үр дүн сайжирч мал, амьтны өвчний гаралт, тархалт, өвчлөл буурч, хүн ам, мал, амьтны эрүүл мэндэд учруулах эрсдэл буурах юм. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал малын эм хэрэгсэл, бэлдмэлийн чанарт эргэн харах асуудал байгаа тул мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортынхоо чиг баримжааг харгалзаж тухайн импортлогч оронд хүлээн зөвшөөрөгдсөн эм, био бэлдмэлүүдээр малаа эрүүлжүүлэх,  монгол мал эрдэс, амин дэм, уургийн дутагдалд ороод давжаарч байгаатай холбогдуулан тэжээлийн нэмэлтэд онцгой анхаарч хуулийн төслийг илүү сайжруулах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа.  

Мөн гишүүд иргэд ямар нэгэн вакцин тарилга, эм хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй малын мах хэрэглэж буй учир хуулийн төсөлд малын эрүүл мэндийг хамгаалах, эмийн хяналт шалгалт болон хувийн мал эмнэлгийн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах, чадавхжуулах зохицуулалтуудыг тусгасан эсэхийг лавлав.

Хуулийн төсөлд мал, амьтны эмийн хяналтыг хянах байцаагчдын эрх, үүргийг тодорхой тусгасан төдийгүй 4 дүгээр бүлэгт малын эм хэрэглэх, илрүүлэх, эмийн үлдэгдлийг илрүүлэх тандалт, төлөвлөгөө хийх мэргэжлийн байгууллагуудын чиг үүргийг нарийвчлан тусгасан гэж Ажлын хэсгээс хариулсан.

Мөн салбарын сайд Х.Болорчулуун, “Өнгөрсөн жилээс вакцин, тарилгын үйлчилгээний хөлсийг нэг бодыг 1000 төгрөг, богийг 350-450 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлж, үүнийг орон нутгийн төсөвт суулгаж байж мал, эмнэлгийн үйлчилгээ чанартай байх нөхцөл бүрдэх юм. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд таван жилд 144 тэрбум төгрөгийг малын вакцин тарилга туулга, эмийн үйлчилгээний зардалд хэрэглэхээр тавьсан. Вакцин, тарилгын төсвийг хангалттай төсөвлөснөөр өнгөрсөн жилээс малын өвчин буурах хандлагата байна” хэмээн хариулж байлаа.

Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close