“Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөн” боллоо
“Соёлын сэргэлт 2024” аяны хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргийн “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын зөвлөгөөн” зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд оролцогчид монгол түмний үнэт өвийг хадгалах, хамгаалах, өвлөн уламжлуулах асуудлаар хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцов.
Зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан нээж, үргэлжлүүлэн Соёлын өвийн Үндэсний төвийн захирал Г.Энхбат “Соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх бодлого, зорилт болон дүүргүүдийн соёлын өвийн нөөц даац, соёлын орон зайд түшиглэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж” илтгэлээ танилцуулав.
Өнөөдрийн байдлаар манай улсад соёлын биет бус өвийн 7 ай савын хүрээнд 11 мянга орчим өвлөн уламжлагч бүртгэгдсэн байдаг. Эдгээрээс Нийслэлийн Налайх, Багануур, Багахангай дүүрэгт 250 гаруй өвлөн уламжлагч бий бөгөөд тэд соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Соёлын биет бус өв бол хүний оюун санаагаар дамжин уламжлагддаг учраас эмзэг бөгөөд үнэт зүйл юм. Иймд энэ өвийг хамгаалах нэгдмэл зорилготой хүмүүсийн үндэсний сүлжээг бэхжүүлж, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь чухал юм. Ялангуяа соёлын биет бус өвийн үнэ цэнийг олон нийтэд ойлгуулж, таниулснаар иргэд соёлын биет бус өвд хүндэтгэлтэй хандах, улмаар өвлөн уламжлах сонирхолтой болдог.
Түүнчлэн Налайх дүүрэг, Тайж хайрхны бэлд “Нүүдэлчин” дэлхийн фестивалийг жил бүр зохион байгуулахаар тогтсон бөгөөд энэхүү зөвлөгөөнөөр “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг өргөжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зэрэг асуудлаар ярилцав.