ОХУFocus

“Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн жагсаал боллоо

Аугаа эх орны дайны ялалтын 79 жилийн ойн энэ өдөр “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн жагсаал Улаанбаатар хотод /2024.05.09/ боллоо. Мөн Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол болсон юм.

“Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн жагсаалд Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Монгол дахь ОХУ-ын байгууллагуудын төлөөлөл болон Монгол, Оросын ахмад дайчид оролцов. Явган жагсаалд оролцогчид Офицеруудын ордоноос Г.К.Жуковын талбай хүртэл алхаж, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл илэрхийллээ.

Зөвлөлтийн ард түмний аугаа эх орны дайны ялалтад монголчууд ч хувь нэмрээ оруулсан билээ. Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид туслах хөдөлгөөнийг дайн эхэлсэн өдрөөс өрнүүлж, “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” уриан дор хүнс, хувцас, агт морьд төдийгүй “Хувьсгалт Монгол Улс” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны экскадрилийг бэлэглэж байв.

Ташрамд дурдахад, ОХУ-ын “Россия” төв телевизийн сэтгүүлч, уран бүтээлчдийн баг Монгол Улсад ирээд байгаа юм байна. Оросын сэтгүүлчид энэ онд тохиож буй Халх голын байлдааны ялалтын 85 жилийн түүхэн ойд зориулсан нэвтрүүлэг бэлтгэх ажээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close