Байгаль орчинFocus

“Усыг энх тайвны төлөө” шилдэг бүтээлийн эзэд шалгарлаа

ЗГХА Усны газар, “Амгалан дэлхий” ТББ хамтран дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Усыг энх тайвны төлөө” сэдвийн хүрээнд сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдааныг 03 сарын 10-наас 04 сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулж, өнөөдөр дүнгээ танилцууллаа.

Монгол Улсын иргэдийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангах, усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад бүх нийтийг уриалах, үйлдэл хийх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, шийдвэр гаргах түвшний,  харилцан хамаарал бүхий талуудын анхаарлын төвд усны нэн тулгамдсан асуудлыг хүргэж, шийдэл гаргахад нөлөөлөх зорилготой тус уралдаанд нийт 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага оролцсон байна.

Тэдгээрээс шилдэг бүтээлээр “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ц.Мягмарбаяр, С.Уянга нарын “Туул сэтрэхэд бэлэн”, Dardas.mn сайтын сэтгүүлч Б.Даваахүүгийн “Хэзээ үерт автах бол гэж айгаад…” сурвалжилга шалгарсан бол дэд байранд “Монголын үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэнгийн  “Тэдний хэмнэсэн цэнхэр зам” сурвалжилга, Datastory.mn агентлагийн сэтгүүлч З.Цэлмэгийн “Хөгжлийг тэтгэгч газрын доорх ус” дата виртуал нийтлэл, ярилцлага, гуравдугаар байранд МҮОНТ “Монголын мэдээ” агентлагийн сэтгүүлч Э.Отгонцэцэгийн “Усаа хэмнэж, сарын хэрэглээгээ хоёр дахин буурууллаа”  сурвалжилга,  Bpress.mn сайтын нийтлэлч Г.Батзаяа тэргүүтэй багийн “Амьдрал усан дээр тогтдог” цуврал сурвалжилга, нийтлэл тус тус орж, сэтгүүлчид өнөөдөр шагналаа гардан авлаа.

ЗГХА Усны газрын дарга З.Батбаяр шагнал гардуулах үеэрээ “Өргөн уудам газар нутагт хөгжил гэдгийг юу гэж ойлгох нь бэрх. Жигд хөгжил бий болгох суурь нь усны нөөцийн жигд хуваарилалт. Үүнтэй адил, Монгол Улсын тогтвортой хөгжлийн гол зорилго бол усны нөөцийн жигд хуваарилалт. Усны талбарт шийдэх олон асуудал бий ч нэн тэргүүнд эрэмбэлэгдэх ажил нь энэ” гээд үүнд хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн үүрэг оролцоо, усны төлөөх байгууллага, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа хамгийн чухал гэдгийг онцлов. Мөн үүнд манлайлан оролцож байгаа “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубын хамт олонд амжилт хүслээ.

Тус уралдааны хүрээнд ус, түүний зүй зохистой хэрэглээтэй холбоотой бодит асуудлыг гаргахын тулд холбогдох газрын үйлдвэрлэл, үйл ажиллагаатай газар дээр нь  танилцах, олон талын мэдээллээр хангах зэрэг ажлыг зохион байгуулсан нь үр дүнтэй байсныг  “Амгалан дэлхий” ТББ-ын тэргүүн Д.Даваадулам танилцууллаа. Мөн уралдаанд оролцсон сэтгүүлчид асуудлыг томоор, ерөнхийгөөр нь гаргахаас илүү нарийвчилсан, нэг асуудлыг хөөн сурвалжилсан, гарц гаргалгаа хайсан, сайн туршлага жишээг гаргаж тавьсан зэрэг нь илүү үр дүнтэй, шинэлэг байсныг онцоллоо.

“Усыг энх тайвны төлөө” уралдааны шүүгчээр ажилласан Хэвлэлийн хүрээлэнгийн багш, судлаач, доктор Ц.Оюунтунгалаг  “Усны тулгарсан асуудлуудыг олон нийтэд ойлгуулахад, зөв дадал хэвшил тогтооход ихээхэн үүрэг гүйцэтгэх бүтээлүүд уралдаанд ирсэн нь том ололт байна. Хэвлэл мэдээллийн эргэлтэд орж байгаагүй шинэлэг, сэдэв санаа бүхий бүтээлүүд ч цөөнгүй байлаа. Мөн багаар ажиллавал илүү үр дүнд хүрч болохыг уралдааны шилдэг бүтээлүүдээс харж болно. Эцэст нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын төлөө байгаль орчн, тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын санаачилгатай оролцоо хамгийн чухал байлаа” гэлээ.  

Шилдэг бүтээлийн эзэн “Зууны мэдээ” сонины сэтгүүлч, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубын гишүүн Ц.Мягмарбаяр: Нийслэлийн үерийн эрсдлийн асуудлыг эрэн сурвалжилж гаргаж тавилаа. УБ хотод шаардлага хангасан үерийн далан байхгүйгээс өнгөрсөн жил зарим оршин суугчид эд хөрөнгөөрөө хохирсон, хүний амь хүртэл эрсэдсэн. Энэ жил мөн нөхцөл байдал давтагдахад бэлэн байна. Тиймээс үерээс сэргийлэх, иргдээ, эд хрөгөө хамгаалах ямар арга байж болохыг сурвалжилж, нийт 20 гаруй эх сурвалж, баримт материал дээр ажиллалаа. Хамгийн эхний, нэн тэргүүний арга нь голын бургасыг зөөх юм байна гэсэн гаргалгаа, өнцөг гаргаж тавилаа. 

Шилдэг бүтээлийн эзэн  Dardas.mn сайтын сэтгүүлч Б.Даваахүү “Сэтгүүлзүйн сайн бүтээлийн уралдаанд анх удаа оролцоод тэргүүн байр эзэлсэндээ маш их баяртай байна. Усны асуудал хүн бүрийн, улс орны хамгийн чухал асуудал хэдий ч аль аль талдаа орхигдож байгаа санагддаг. Би энэ цуврал ярилцлага, сурвалжилга, нийтлэлээрээ Сэлбийн шар усны үерийн хохирогчдын нөхцөл байдал, шийдэл, гарц гаргалгаа, усны хуримтлал, усан сан барьснаар жилд хэчнээн хэмжээний хөрөнгийг хэмнэх боломжтой талаарх асуудлыг гаргаж тавьсан. Ингэхдээ олон талт эх сурвалжаас эхлээд сэтгүүл зүйн гол зарчмуудыг хангаж бичихийг хичээлээ. Бүх талаар тусалж дэмжсэн “Dardas.mn” сайтын эрхлэгчдээ, уралдаан зохион байгуулагчдад баярлалаа.” 

Эх сурвалж: “АМГАЛАН ДЭЛХИЙ” ТББ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close