Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн Монголд болно


Монгол улсын Их хурлын дэд дарга Я.Санжмятавын ивээл дор Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн манай улсад болох гэж байна. Энэ тэмцээнийг МШХ-ноос анх удаа Монгол улсад хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа юм. Азийн 10 орны 30 гаруй шатарчин оюун ухаанаа сорих тэмцээн энэ сарын 18-ны өдөр албан ёсоор эхлэхнээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Австралиас ирсэн ДШХ-ны шүүгч Жеми Тимур ажиллах юм байна.
Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнд Казахстан, Киргиз, Энэтхэг, Монгол, Индонез, БНСУ, Хятад, Хонконг, Австрали, Зүүн Тимор гэсэн орны шатарчид өрсөлдөнө. Тэмцээнийг МШХ-ны Олон улсын шүүгчийн зэрэглэлтэй шүүгчид дэнслэн ажиллах юм.
Тэмцээний үеэр МШХ-ноос 3 томоохон өрсөлдөөнийг зохион байгуулахаар бэлтгэж байна. “Монголиа опен-2018” олон улсын нээлттэй тэмцээн, “Ирээдүйн олимп” өсвөр үеийн АШТ, Ахмадын аварга шалгаруулах Олон улсын нээлттэй тэмцээнийг тус тус зохион байгуулах ажээ.
Өөрөөр хэлбэл Монгол улсад болох Ази тивийн залуучуудын АШТ-ий үеэр 6-аас 65 настай шатарчид оюун ухаанаа сорин нэгэн зэрэг өрсөлдөж өөрийн ур чадвараа шалгах юм. Тэмцээнд чансаа өндөртэй шатарчид оюун ухаанаа сорих учраас өрсөлдөөн ширүүхэн болох нь дамжиггүй. Ази тивийн залуучуудын АШТ энэ сарын 17-26-ны өдрүүдэд МҮЭСТО-ны их танхимд болно.



