ХБЗОнцлох

Алтанбулаг- Хиагт боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цаг болгох асуудлыг хэлэлцлээ

Боомтын сэргэлтийн хүрээнд хоёр хөрштэй хиллэдэг гол боомтуудын ачаа тээврийн хэсгийг  24 цагаар ажиллуулахыг зорьж байна. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэн 10 дугаар сарын 1-нийг хүртэл улирлын чанартай ажиллуулахаар болсон билээ. Тэгвэл  Алтанбулаг- Хиагт боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх асуудлыг өнгөрөгч  тав дахь өдөр оросын талтай хэлэлцлээ.

 Хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудлаарх Монгол Улс, ОХУ- ын Бүгд Найрамдах Буриад улсын ажлын хэсгийн  хурал Сэлэнгэ аймагт болсон бөгөөд хамтарсан хурлыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн-Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов тэргүүлэн оролцлоо. 

Хурлаар хилийн Алтанбулаг-Хиагт боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх асуудлаарх ажлын явц, Хилийн Зэлтэр-Желтура, Бага-Илэнх-Айнек боомтын хөгжлийн хэтийн төлвийн талаар  санал солилцсон юм. 

ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорын хойд цэг болох Алтанбулаг боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлснээр явах тээврийн хэрэгслийн өртөг зардал буурахаас гадна төмөр замын ачаалал багасна хэмээн албаныхан хэлж байна.

Буриадын талаас Алтанбулаг-Хиагт автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цаг болгох хэрэгцээ, шаардлага ачаалал хэр байгаа талаарх судалгааг хийж, ирэх наймдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг тавьсан юм. Харин манай талаас цаг алдалгүй эдийн засгийн коридорын урд цэг болох Замын-Үүд-Эрээний автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цаг болгон ажиллуулж буйтай зэрэгцүүлэн явуулах нь зүйтэй гэсэн саналыг оросын талд тавьсан юм. 

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга ярихдаа, “Хиагт боомтод хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар өдөрт 350 автомашинд гаалийн үзлэг шинжилгээ хийж, бичиг баримт бүрдүүлэх хүчин чадал бүхий Авто тээврийн зогсоол барьж, ирэх зургадугаар сард ашиглалтад өгөхөөр оросын тал ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Монгол, Орос, Хятад улсыг холбосон эдийн засгийн коридорын ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй. Үүнийг тоогоор баримтжуулж, ирээдүйн таамаг тооцооллыг хоёр талаасаа хийж тохиръё гэдгийг Буриадын талтай ярилцаж шийдэлд хүрлээ.

24 цаг болгох тухайд буриадын талаас дотоод техникийнхээ бэлэн байдлыг хангаж наймдугаар сарын 1 гэхэд эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн. Харин бид Алтанбулаг боомтыг 24 цагийн горимд шилжүүлэх ажиллагааг Замын-Үүд-Эрээн боомттой уялдуулах, өөрөөр хэлбэл зэрэгцэж үйл ажиллагаа нь явуулах талаас асуудлыг шийдэхээр ОХУ-ын Зам тээврийн хөгжлийн яам руу хүсэлт илгээхээр боллоо. Одоогоор Алтанбулаг-Хиагт боомт 08.00-20.00 цаг хүртэл ажиллаж байгаа бол цаашдаа 14 цагаар сунаж ажилласнаар эдийн засгийн үр өгөөж хоёр дахин өснө гэсэн тооцоолол гарсан” хэмээн онцлов.

2023 оны эцсийн байдлаар ОХУ, БНХАУ хооронд хийсэн гадаад худалдааны хэмжээ 200 тэрбум ам.доллароос давжээ. Монгол Улсын хувьд Хятад улстай хийж буй худалдаа 15.2 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй юм. Тиймээс Орос, Хятад улс хооронд хийж буй 200 тэрбум ам.долларын худалдааны тодорхой хувийг газар нутгийнхаа дээгүүр дамжуулан өнгөрүүлэх нь Буриад, Монголын аль, аль талд үр өгөөжтэй. Хамгийн гол нь  газар нутаг дээгүүр транзит тээврийг хийснээр  эдийн засгаа тэлэхээс гадна ажлын байруудыг нэмэх боломжтой. Өөрөөр хэлбэл, тээвэр ложистикийн үйлчилгээнээс эхлээд бүх салбарт ашиг шингээх бүрэн боломжтой гэдгийг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга тодотгосон

Дашрамд дурдахад, Дархан-Алтанбулаг автозамын боомт, Налайх-Замын-Үүд боомт руу дөрвөн эгнээ, хоёр урсгалтай авто зам барих бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөсөн нь гурван улсын эдийн засгийг коридорт чухал нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Close